Friday, August 30, 2013

ЗӨВ ХАНДЛАГА ЗӨВ ТӨЛӨВШИЛ

Зөв төлөвшилтэй, эрдэм мэдлэгтэй, ур чадвартай, тухайн улсын хөгжлийг дархлагчдыг хүмүүжүүлдэг хүн бол БАГШ. Хэдийгээр багш хүн,
-          Сургалтаа яаж үр дүнтэй явуулах вэ гэдгийг үргэлж эрж, судалдгаараа судлаач,
-          Тухайн сургалтаа хэрхэн зохион байгуулахаа бодож, хичээл бүртээ зохион байгуулалт хийж байдгаараа менежер,
-          Хүүхдэд мэдлэг, боловсрол олгох, мэргэжил эзэмшүүлэх, тэднийг төлөвшүүлэх үйл явцыг удирдах хамгийн шилдэг арга барилыг мэдэж, ашигладгаараа арга зүйч юм.
Гэлээ гээд шавийн эрдэм багшаас гэдэг болохоор үргэлж хөгжиж байх нь энэ л мэргэжлийн онцлог. Нөгөө талаас багш гэдэг тухайн сургалтын байгууллагын нэрийн хуудас болж байдаг учраас хамгийн гол хөдөлгөгч хүч. Сайн багшаас сайн эмч, сайн инженер, сайн гагнуурчин, сайн эдийн засагч “төрнө”, тэдгээр төгсөгчид тухайн байгууллагаар овоглосон бүтээгдэхүүн байдаг. Тэр ч утгаараа сургалтын байгууллага нэн тэргүүнд багшаа чадавхжуулах хэрэгтэй. Үүний тулд багшийн мэдлэг ур чадварыг дээшлүүлж хандлагыг зөв чигт тогтоох нь хамгийн чухал асуудал.
 
Хэчнээн мэдлэгтэй, хэдий ур чадвартай байлаа ч сэтгэлгүй, ажилдаа хандах хандлагагүй бол дургүйд хүчгүй гэгч л болно. Тэгэхээр тухайн байгууллагыг шинэчилж өөрчлөхөд, дутагдлыг нь зөв голдиролд оруулахын тулд эхлээд багш, удирдах ажилтны, дараа нь суралцагч, эцэг эхийн хандлагыг нэг зүгт чиглүүлэх нь нэн тэргүүнд бодох зүйл. Сэтгэлзүйг нь өөрчилж байж хандлага тогтоно. Хандлага нэг чигт болсон нөхцөлд тэнд эерэг өөрчлөлт, шинэчлэлт аясаараа бий болно. Үүний нэг бодит жишээ бол Мэргэжлийн боловсрол, сургалт /МБС/-ын байгууллага.
1960-1970 онд Мэргэжлийн боловсролд төрөөс шинэчлэл хийсэн. Тэр цагаас хойш нэг л дорвитой урагшлахгүй байсаар 1990-ээд оноос уналтад орсныг хэн бүхэн гадарлана. Багш нар ажлаа орхисон. Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/ төгсөгчдийн 70-аад хувь нь их, дээд сургуулийг сонгох болсон. Тэд төгсөхөд дөнгөж 30 хувь нь л ажлын байртай болж байсан. Энэ үеэс өрсөлдөх чадвартай мэргэжилтэй ажилтнууд үгүйлэгдсээр... Харин 2000 он гараад мэргэжлийн боловсрол эргээд сэргэсэн. Энэ сэргэлтэнд юу нөлөөлөв гэхээр эх орны хөгжил цэцэглэлтийг бий болгох хөдөлмөрчний хэрэгцээ, шаардлага байгааг хаана хаанаа олж харсан явдал байлаа.
Яг энэ үед Монголын Мянганы сорилтын сан /ММСС/ орж ирж, нөгөө хэрэгцээ болоод байгаа хөдөлмөрчдийг МБС-ын байгууллагад бэлтгэх хэрэгтэйг гярхайгаар олж харж, энэ салбарыг хөгжүүлэхэд зорьсон юм. Ажлаасаа хөндийрч, мэдлэг чадвараар хоцрогдож байсан багш, удирдах ажилтныг төрөл бүрийн сургалтанд удаа дараа хамруулсан. Сургалтын орчин нөхцлийг сайжруулж бараг л нэгэн зуунаар дэвшсэн шинэ тоног төхөөрөмжөөр хангаж, тэдгээрийг яаж ашиглах, хөтөлбөрөө хэрхэн боловсруулж, сургалтаа ямар аргаар явуулах зэрэг чадамжийг эзэмшүүлсэн. Энэ нь багш нарт ажлын байран дээрээ хөгжих боломжийг бий болгож, тэндээ суурьших сонирхлыг илүү ихээр бий болгосон. Улмаар энэ салбарын багш нар улам бүр залуужиж, дэлхийн жишигт нийцэхүйц сургалтаар, тэр хэмжээний чадамжийг олгож чадна гэдэгтээ итгэлтэй болж,  салбараараа бахархах болжээ. Хандлагын жинхэнэ өөрчлөлт эндээс л эхэлсэн.
Чин үнэндээ бол ЕБС-иас “гадна үлдсэн” багш Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв /МСҮТ/, /тухайн үеийн Техник мэргэжлийн сургууль /ТМС/-д ирдэг байсан нь гашуун түүх. Чадварлаг инженер, техникийн ажилтнуудыг багшаар авъя гэвч тэд үнэндээ “хаданд гарсан” байлаа. Багш нарын цалин хөлс, ажиллах нөхцөл тааруу учраас тэр сургалтын байгууллыг барагтай л сонирхдоггүй байсан цаг. Гэтэл өнөөдөр цаг эргэсэн гэж хэлж болно. Салбартаа шилдэг нь гэгдэх инженер техникийн мэргэжилтэй ажилтан, мэргэжилтнүүд МБС-ын байгууллага руу “хошуурах” болсон. Сургалтын байгууллагууд багш, ажилтнуудаа хүслээрээ ирсэн нэгнийг нь биш тэднээс сонгон шалгаруулж авдаг болсон. Мөрөөдөл мэт байсан хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, дадлагын газар, сургалтын хэрэглэгдэхүүн, боломжийн цалин, мэргэших нөхцөл боломж цөм бүрдсэн нь багш нарыг татах хүч болжээ.  Улмаар тэдний бүтээгдэхүүн болох төгсөгчдийн 70 хувь нь төгсүүтээ ажлын байртай болж байгаа нь багш нарын нэр хүнд өсөхөд хүртэл нөлөөлж байна. Тэдгээр бэлтгэгдсэн, мэргэшсэн багш нараа тогтвор сууршилтай ажиллуулахын тулд тухайн сургуулиас бодлого боловсруулан ажиллаж байна.
Тэгээд ч зогсохгүй ажил олгогч сургалтын байгууллагууд нягт харилцаатай болж, мэргэжилтэй ажилтнаа захиалгаар сургаж, сургалтын хөтөлбөрийг хамтран боловсруулж, дадлагыг нь өөрийн материаллаг баазд түшиглэн, чадварлаг ажилтан, мэргэжилтнээрээ удирдуулан дадлагажуулж, зарим төгсөгчийг нь урилгаар авч ажиллуулах болсон нь сургалтын байгууллагат улам их урам зориг нэмж байгаа билээ. Түүнчлэн зөвхөн төрөөс ирдэг байсан хөрөнгө оруулалт дээр нэмэгдээд түншлэгч байгууллагын дэмжлэг ороод ирэхээр сургалтын байгууллагын хариуцлага нэмэгдэж, тэр чинээгээр хүний нөөц нь улам бүр чадавхжиж, түүнийгээ дагаад сургалтын чанар сайжирч байна. 
Энэ бүгдийн үрээр МСҮТ гэдэг сурлагаар тааруу, төлбөрийн чадваргүй, эсвэл хүмүүжлийн доголдолтой нэгний “саарал нэрээ” халхлах гэсэн нэг зам байсан бол энэ нийтлэг, бас ташаа ойлголт үгүй болжээ.  Өнөөдөр МСҮТ-д элсэгчийн тоо жил ирэх тусам өссөөр байна гэдгийг Улаанбаатар хотын бүсийн Арга зүйн төвөөс хийсэн судалгаа харуулж байна. Тэрхүү судалгаанаас харахад сүүлийн жилүүдэд,
-          МСҮТ-ийг сонгох бодит элсэгчийн тоо 18 хувиар өсчээ.  /Үнэхээр чин сэтгэлээсээ тухайн мэргэжлийг хүсэж сонгосон элсэгчийг бодит элсэгч гэв./
-          МСҮТ-ийн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт өсч, нийт төгсөгчийн 65 хувь нь ажлын байртай болж, 15 хувь нь тухайн чиглэлээрээ мэргэжлээ дээшлүүлж байна.
-          Төрөөс гадна ажил олгогчийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн учраас санхүүжилт нэлээд хувиар өсч байна гэсэн дүгнэлт гарсан байна.
Мөн хөрөнгө оруулалтын үр дүн зөвхөн багш нарт ч гэлтгүй олон нийтийн хандлагад нөлөөлж, МБС-ын ач холбогдлыг эцэг эхчүүд ойлгож энэ салбарт хандах хандлага нь өөрчлөгджээ. ММСС-аас явуулсан МБС-ын талаарх олон нийтийн ойлголт, хандлагын судлах судалгаанаас харахад МБС-ын байгууллагын тухай олон нийтийн мэдлэг мэдээлэл  2010 онд 75 хувьтай байсан бол 2013 оны судалгаагаар энэ үзүүлэлт 88.6 хувь болж өссөн байна. Түүнчлэн эдийн засгийн хөгжил, эх орны бүтээн байгуулалтанд хөдөлмөрчин ангийн хэрэгцээ үүсч, бүр дутагдалд орсныг ойлгож, дороосоо дээр хүртэлх хандлага ч өөрчлөгджээ.
МСҮТ-ийг насан туршийн боловсрол, амьдралын баталгаа хэмээн ойлгох болсон хүмүүс нас, хүйс үл харгалзан зорих болсон нь багш, энэ салбарын хүний нөөцийг илүү хариуцлагатай байж, өдрөөс өдөрт мэдлэг чадвараа ахиулахыг шаардаж байгаа нь багшийн ажил мэргэжилдээ хандах хандлагад нөлөөлж, тэднийг давхар хөгжүүлж байгааг Дундговь аймаг дахь МСҮТ-ийн Сантехникийн багш, мэргэжлээрээ 34 жил тасралтгүй ажилласан Ц.Адъяадулам хэлж байсан юм.
Мэдлэг, ур чадвар, хандлага гурвын цогц нь чадамж. Харин хандлага гэдэг өөрөө олон зүйлийн нэгдэл.
1.      Өөрийн сонгосон мэргэжилдээ дуртай байх
2.      Ажлаа чин сэтгэлээсээ хийдэг
3.      Хамт олонтой харилцаж сурсан буюу өөрөөр хэлбэл нийгэмшсэн байх. 
4.      Өөрийн эрх ашгаас өмнө, багийн эрх ашгийг хамгаалж, хамтран ажиллаж чаддаг
5.      Ажлын цагийг ягштал баримталж, ажлын амжилтанд нөлөөлөх муу зуршлаас ангид байж чаддаг байх ёстой. Ер нь зөв төлөвшсөн хүнийг зөв хандлагатай хүн гэдэг. Ийм хүн мэдлэг, чадвараар дутмаг байсан ч мэргэшүүлэхэд хялбар байдаг. Энэ ММСС саалийн үнээ биш. Тийм учраас хөрсөнд суулгаад өгчихсөн энэ их үр, нахиалж байгаа нахиаг нь улам тогтвортой байлгахаа гол зорлигоо болгох хэрэгтэй. Ингэж чадвал одоо энэ тогтсон хандлага буруу чигт хазайхгүй. Зөвхөн багшаар зогсохгүй МБС-нд хандах Монгол улсын хандлага бүхлээрээ өөрчлөгдсөн гэж хэлж болох юм гэж Монгол усын Гавьяат багш Өсөхийн Чулуунбаатар хэлж байна.
Нээрэн ч ММСС-ийн МБС-ын төслөөс оруулсан материаллаг хөрөнгө чухал ч гэлээ хүний олж авсан мэдлэг, чадвар гэдэг нэгэн насны “капитал” учраас багш нарыг чадавхжуулж, хандлагыг нь өөрчилж чадсан нь хамгийн том хөрөнгө оруулалт юм. Хандлага тогтсон цагт зөв төлөвшил аяндаа бий болох биз ээ.
Монгол улс өөрөө залуусын орон учраас одоо ажиллах хүчээ гаднаас өндөр үнээр татаж байхаар дотооддоо хөрөнгө оруулалт хийж, хөгжлөө ч дээшлүүлэх бодлогыг бодож байна. Энэ нь аль ч шатандаа хандлага өөрчлөгдөж, улс орондоо хувьсгал хийх замд ахиц гарч байгаагийн гэрэлт дохио болж байна.


0 comments:

Post a Comment

Share