Monday, June 10, 2013

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА АМЖИЛТЫН ҮНДЭС


Хүн, хүн гэдэг өөрөө юутай ч харьцуулашгүй, үнэлж баршгүй хөрөнгө.  Хэдий техникийн эрин, өндөр чадалтай техникийн хүчээр дэлхийн хөгжил минут, секундээр урагшилж байна гэх ч тэр техник, технологийг хүн л бий болгосон, тэд хүний оролцоогүйгээр ажиллана гэдэг өнөө маргаашдаа л бидэнд харагдахгүй гэдгийг хэн бүхэн мэдэх буй за. Тэгвэл хүний оролцоогоор бүтэх бүхий л үйлдлийг хөдөлмөр гэж ойлгож болмоор.
Харин хүн төрөлхтөн хэзээнээсээ л хөдөлмөрлөж байж идэх хоол, өмсөх хувцас, амьдрах орон байраа бий болгосоор ирсэн. Хөдөлмөрлөнө гэдэг нь нэг ёсондоо хүний ертөнцийн амьдралын төлөөх тэмцэл юм. Тиймээс хүн төрөлхтөн ажил хөдөлмөрийг “сохроор” шүтэж ирсэн, шүтсээр ч байгаа. Харин яаж аюулгүй, эрүүл ажиллаж амьдрах вэ гэдгээ одоо хэр нь бүрэн гүйцэт ойлгоогүй л яваа. Английн философич Бэртран Рассэль гэгч хөдөлмөрийг биеийн хүчний хөдөлмөр, оюуны хөдөлмөр гэж хоёр хуваан үзжээ. Энэ хоёр төрлийн хөдөлмөрийн алийг нь ч эрхэлдэг бай эрүүл, аюулгүй байх нь хүн төрөлхтний хувьд амин чухал. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн ёс зүйг баримталж, аюулгүй ажиллагааг сахин биелүүлэх шаардлагатай байна. Нэн ялангуяа манай улсын хувьд. Магадгүй монгол хүний байгалиас заяат хэнэггүй гэмээр зан нөлөөлдөг байж болох ч тухайн хүн өөрөө “БИ үнэт хөрөнгө шүү” гэдгээ ухаарах хэрэгтэй. Нөгөө талаас ажил олгогчид байгууллагынхаа үнэт хөрөнгө болох ажилтнаа хамгаалж, хяналт тавин ажиллах нь тэдний хамгийн том үүрэг.
Уул уурхай, барилга, хөнгөн үйлдвэрийн салбар эрчимтэй хөгжиж байгаа манай улсын хувьд үйлдвэрийн осол, ажлын байрны эрүүл ахуйн асуудал, эндээс үүдсэн мэргэжлээс шалтгаалах өвчин, мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, ажиллагаа алдагдсанаас элдэв золгүй тохиолдол өссөөр байгааг хэн хүнгүй анзаарч байгаа.

 2005-2011 оны хооронд Монгол улсад үйлдвэрийн ослын улмаас 661 хүн нас барж, мэргэжлээс шалтгаалсан өвчний 1321 тохиолдол бүртгэгдсэн байна. Түүнчлэн сүүлийн 6 жилд гарсан нийт ослын талаас илүү хувь нь уул уурхай, барилга, зам тээвэр, эрчим хүчний салбаруудад гарч, энд залуус илүү өртжээ. Ослын ихэнх шалтгаан нь тээврийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл, болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй байдаг байна.
Мөн 1975-2012 оны хооронд мэргэжлээс шалтгаалан эмнэлгийн хяналтанд орсон өвчтөний талаарх архивын баримтуудад тулгалт хийхэд тухайн хугацаанд Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын Үндэсний төвд мэргэжлээс шалтгаалсан өвчний 8645 тохиолдол бүртгэгдсэнээс 5019 нь уул уурхайн салбарт ажиллагсад байсан гэсэн тус төв /ХНМӨСҮТ/-ийн бас нэгэн судалгаа байх.
Харин мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас 2011 оны эхний гурван улиралд 39 аж ахуйн нэгж байгууллагын 510 ажлын байранд физикийн 2382, химийн 584 удаагийн хэмжилт шинжилгээ хийхэд физик, химийн нийт үзүүлэлтийн 39,8-13,8 хувь нь эрүүл ахуйн стандарт хангахгүй байжээ.
Энэ мэт баримтаас харахад манай улсын хувьд хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх дүр зураг ямархуу байгаа нь ажиглагдаж байгаа бизээ. Тиймээс хувь хүн, аль ч шатны сургалтын байгууллага, ажил олгогч байгууллага гээд хаана хаанаа анхаарч өөр өөрийн үйл ажиллагааны чиглэлийн дагуу зохих хэмжээний мэдээлэл, сургалтыг хийж хэвшүүлэхсэн.
Жил ирэх бүр хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдаж хүнд, хөнгөн осол аваар гарлаа гэх тааруухан мэдээ чих дэлсэх нь олшрох болж. Ер нь Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт эмнэлгийн анхны тусламж, гал, цахилгаантай хэрхэн харьцах талаар тусгайлсан хичээлийн цаг гаргаж өгмөөр, үгүй ядаж сардаа хоёр удаа энэ мэт амьдрах ухааны сургалт өгдөг бол хувь хүн болзошгүй ахуйн осолд өртөхгүй байх, урьдчилан сэргийлэх ухаанд суралцмаар санагдана. Цаашлаад энэ олон их, дээд сургууль хөдөлмөрийн зах зээлд илүүдсэн мэргэжилтнүүдийг бэлтгэж, ажилгүйдлийг өсгөж байхын оронд Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэмээр байгааг хэн гуай ч анзаарч баймаар. Гаднын орнуудад occupational safety officer буюу хөдөлмөр хамгааллын ажилтан гэх тусгай мэргэжил бий. Харин манайд энэ мэргэжил ихээхэн үгүйлэгдэж байна. Ажил олгогчид ч гэсэн яагаад энэ тухай дуугарч, ийм мэргэжилтнийг сургалтын байгууллагад захиалж болохгүй гэж...
Тэглээ гээд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа манай орны хувьд огт хэрэгжихгүй байна гэвэл бас өрөөсгөл. Өглөө босоод шүдээ угаадаг шигээ л тал талдаа хэвшил болгох хэрэгтэйг сануулах гэлээ. Нэг үеэ бодоход хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар бас ч анхаардаг болсон, талархууштай талууд бий гэдгийг орхиж боломгүй. Энд сүүлийн хэдэн жилд шинэчлэгдэн хөгжиж байгаа Мэргэжлийн боловсрол сургалт /МБС/-ын байгууллагууд тодоос тод жишээ болж чадах юм. Эрэлт ихтэйнхээ хэрээр эрсдэл ихтэйд тооцогдоод байгаа уул уурхай, зам, барилга гэх мэт салбаруудын хөдөлгөх хүчин болох ихэнх ажилтнууд МБС-ын байгууллагад мэргэжил эзэмшиж, одоо бүр тэр салбарт ажил олгогчид ажилтнуудаа тэнд захиалгаар сургадаг болсон. Сургахдаа зөвхөн мэргэжилтэй чадварлаг ажилтан бэлтгэх гэхээс гаднах нэг чухал шаардлага нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сайтар ойлгодог, тэр талаар мэдлэгтэй ажилтанг бэлтгэх явдал юм. Харин ажлын байран дээр гарахад нь ажил олгогчийн зүгээс ажлын байранд өмсөх хувцас, хэрэглэх багаж, техник тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах зааварчилгааг өгч, улмаар тухайн мэргэжлийн ажлын нөхцөл байдлаас шалтгаалан ажлын цаг, хоол хүнсэнд нь хүртэл үнэлгээ, стандарт тогтоож байгаа.
Тухайлбал ихэнх уул уурхайн газруудын шинэхэн ажилтнууд 14 хоногоос нэг сарын хугацаанд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаарх онол болон мэргэжлийн сургалтанд хамрагдсаны дараа шалгалт өгөөд, тэнцсэн тохиолдолд ажилдаа ордог. Ажилд орохоос өмнөх сарын хугацаанд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журам гэж юу болох, журмыг хүн бүр хэрхэн дагаж мөрдөх зааварчилгаа болоод ил уурхайн аюулгүй ажиллагаа, галын аюулгүй байдал, цахилгаан, тоног төхөөрөмжтэй хэрхэн харьцах заавар, эмнэлгийн анхны тусламж, замын хөдөлгөөний дүрэм, өрөмдлөг тэсэлгээ хийх үеийн аюулгүй ажиллагаа гэх мэт заавруудыг чанд мөрдлөг болгон ажилладаг. Манайх Уул уурхайн жишиг сургууль-Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежтэй таван жил хамтран ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд сургуулийн сургалтын орчин сайжирч, орчин үеийн техник тоног төхөөрөмж бүхий дадлагын газрууд, лабораториудтай болсон, мөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаар мэргэжил тус бүрээр нь хичээл орж байгаа. Тиймээс төгсөгчид энэ талаар харьцангуй боломжийн мэдлэгтэй болсон гэж “Шивээ-Овоо” ХК-ийн Захиргаа, Хүний нөөц, бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ц.Эрдэнэбат хэлж байна. Харин ажил олгочдын энэ үйл ажиллагааг Хөдөлмөрийн яамнаас хянахын зэрэгцээ сургалтын байгууллагыг хэрхэн дэмжих, ажил олгогч байгууллагатай ямар байдлаар хоршин ажиллах вэ гэх зэргээр хамтарч, гуравласан гэрээ байгуулан ажиллаж байна.
Монголын Мянганы сорилтын сан /ММСС/-ийн Мэргэжлийн боловсрол, сургалт /МБС/-ын төслийн хүрээнд хэрэгжүүлсэн цогц үйл ажиллагааны үр дүнд МБС-ын байгууллагууд 2012 оноос Чадамжид суурилсан сургалт /ЧСС/-ын тогтолцоонд шилжиж, МБС-ын байгууллагын багш, удирдлага, бусад албан хаагчид ч сургалтанд хамрагдаж, мэдлэгээ дээшлүүлж, чадавхаа бэхжүүлэх болсон. Үүнтэй уялдан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хичээлийг ерөнхий агуулгаар нь тусгайлсан хөтөлбөрөөр өгчихөөд дахин мэргэжил тус бүрээр нь,  гагнуурчны ангид гагнуурын аюулгүй ажиллагаа, сантехникийн ангид сантехникийн аюулгүй ажиллагаа гэх мэтээр тусгайлсан хөтөлбөрөөр хичээл ордог болсон. Мөн ажил олгогчдод хүртэл ажилтнууддаа Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар зааварчилгааг хэрхэн  өгөх тухай бас заагаад өгчихөж байгаа юм. Ингэснээр нийтлэг гардаг осол аваарын тоо харьцангуй багасаж байгаа. 2012 оны төгсөлтөөр дадлагат гарсан хүүхдүүдээс судалгаа авахад өмнөх дадлага дээр гардаг байсан осол гэмтлийн тоо тодорхой хувиар буурсан байх жишээтэй.  Үүнээс гадна Үйлвэрлэл, урлалын политехник коллеж, Төмөр замын дээд сургууль, Политехник /Барилгын/ коллеж гэх мэт сургалтын байгуулагууд болон “Оюутолгой” ХХК,  зам, барилгын “Заабар” компани, “Бороо гоулд” ХХК гэх мэт ажил олгогчид ч хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хувьд улсдаа тэргүүлж байна хэмээн Хөдөлмөрийн яамны МБС-ын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Техникийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Р.Дүүрэнбаяр ч бас хэлж байна.
Ер нь ч МБС-ын байгууллагууд улам бүр хөгжиж, гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрүүдэд хамрагдахын зэрэгцээ өөрсдийгөө ч хөгжүүлж, хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орчныг боломжийн хэрээр бүрдүүлж байгаа. Тухайлбал Дорнод аймаг дахь “Дорнод” политехник коллеж ММСС-ийн МБС-ын төслийн санхүүжилтээр тэргүүн туршлага хөгжүүлэн дэлгэрүүлэх зорилго бүхий 65,498 сая төгрөгийн санхүүжилттэй “Аюулгүй ажиллагаа амжилтын үндэс” төслийг хэрэгжүүлж, холбогдох гарын авлага сургалтын модуль хөтөлбөрүүдийг боловсруулан туршлагаа бүсийн хэмжээнд түгээн дэлгэрүүлсэн байна. Түүнчлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн загвар төвийг бүсийн хэмжээнд шинээр байгуулж, хөдөлмөр хамгааллын болон ажлын байрны хяналтын картыг нэвтрүүлжээ. Тус карт нь суралцагч дадлагын танхимд орохдоо дадлагын хувцсаа өмсөөгүй, багаж хэрэгслийг буруу ашиглах гэх мэтээр алдаа гаргасан тохиодолд автоматаар бүртгэгддэг цахим карт гэдгээрээ онцлог болсон бөгөөд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт тавих нэгэн давуу талыг бий болгож чадсан юм.
Хямд төсөр аргаар ихийг амжуулах нь бизнесийн бас нэг арга байж болох. Гэхдээ болж өгвөл мэргэжлийн, ядаж тухайн ажилд туршлагатай бас хөдөлмөр эрхлэх насны хүнийг ажиллуулах, тэднийг ажлын шаардлага хангасан хувцас хэрэглэлээр хангах үүргээ ажил олгогчид нь ухамсарлаасай. Ажилтнууд нь ч өөрийгөө мэдэрч бас хамгаалж хэвшээсэй. Аюулгүй ажиллана гэдэг амжилтын үндэс юм. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдгээр хэн хүнгүй тус бүрдээ хичээвэл боломжгүй зүйл, гарцгүй асуудал гэж хаана ч үгүй бизээ.

0 comments:

Post a Comment

Share