Monday, March 4, 2013

МЭДЛЭГ + УР ЧАДВАР + ХАНДЛАГА = ЧАДАМЖ


Хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй байгаа мэргэжлийг сонгон суралцаж, мэргэшсэн чадварлаг ажилтан болох асуудал нь өнөөгийн нийгэмд нэн чухал хэрэгцээ, шаардлага болж байна. Энэ нөхцөл байдлыг гүнээ ойлгож, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад элсэн суралцагч Монгол залуусын тоо улам бүр өсөн нэмэгдсээр байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Монголын Мянганы сорилтын сан /ММСС/-ийн Мэргэжлийн боловсрол, сургалт /МБС/-ын төсөл амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд сүүлийн 5 жилд мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт нэлээд олон төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж, тодорхой үр дүнгээ өгч байна.
            МБС-ын төслийн хүрээнд МБС-ын салбарын шинэчлэлийн бодлогын шийдлүүдийг тодорхойлох, багш, сургуулийн удирдлагыг чадавхижуулах, сурч, мэргэших таатай орчин нөхцлийг бүрдүүлэх зэрэгт чиглэгдсэн цогц арга хэмжээг авч хэрэгжүүллээ.
Ийнхүү төслийн хүрээнд явуулж буй олон талт үйл ажиллагааны  нэг нь салбарын хүний нөөцийг хөгжүүлэхэд чиглэгдсэн Мэргэжил дээшлүүлэх сургалтын дэд төсөл юм.
Уг дэд төслийн зорилго нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн, чадамжид суурилсан мэргэжлийн боловсрол сургалтын тогтолцоог төлөвшүүлэх, улмаар МБС-ын байгууллагуудын удирдах ажилтан, багш нарын мэдлэг, ур чадварыг орчин үеийн эрэлт, шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхэд оршино. Нийт 20 сарын хугацаатай хэрэгжих энэхүү дэд төслийн хэрэгжүүлэгч гэрээт байгууллагаар ХБНГУ-ын ГОПА зөвлөх компани шалгаран ажиллаж байна.
Дэд төслийн үйл ажиллагаа нь:
-          Багш, удирдах ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх сургалтууд
-          Сургалтын материалыг баяжуулах, гарын авлага боловсруулах
-          Мэдээлэл арга зүйн Үндэсний төвийг бэхжүүлэх гэсэн үндсэн гурван чиглэлээр явагдаж байна.
Энэхүү нийтлэлээр төслийн хүрээнд явуулж буй сургалтын үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулъя.
Юуны өмнө хөдөлмөрийн зах зээлийн эрэлт шаардлагыг хангаж чадахуйц  мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд чадамжид суурилсан МБС-ын тогтолцоог төлөвшүүлэх нь нэн шаардлагатай болж байна. Чадамж гэдэг нь мэдлэг, ур чадвар, хандлага гурвын цогц нийлэмж.

Чадамжид суурилсан сургалт /ЧСС/ ба үнэлгээ:
Чадамжид суурилсан сургалт гэж Мэргэжлийн боловсрол, сургалтаар ажилтан ажлын байранд юу хийж чаддаг байх ёстойг зааж сургах сургалт юм. Өөрөөр хэлбэл, чадамж нь ажилтан юу хийх ёстой (гүйцэтгэл), хэр сайн гүйцэтгэх ёстой (стандарт) болон ямар орчинд (ажлын байр) гүйцэтгэх вэ гэдгийг тодорхойлно.
 Мэргэжил дээшлүүлэх дэд төслөөс МБС-ын байгууллагын удирдах ажилтнуудад Чадамжид суурилсан сургалт /ЧСС/-ын тогтолцоог хэрхэн амжилттай хэрэгжүүлэх, сургагч багш нарын ЧСС болон чадамжид суурилсан үнэлгээ /ЧСҮ/-г хэрэгжүүлэх явцыг хэрхэн удирдах талаар сургалт семинар зохион байгуулж, мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоо нь ЧСС, ЧСҮ-тэй хэрхэн уялдуулах, ажлын байран дахь болон үйлдвэрлэл дээрх сургалтыг хэрхэн зохион байгуулах, орчин үеийн онлайн, мультимедиа сургалтын материалыг хэрхэн ашиглах талаар ерөнхий ойлголтыг өгчээ.
Энэ төслийн давуу тал нь өнөөгийн хэрэгцээт ажлын байранд ямар мэдлэг, хандлага, ур чадвартай ажилтан шаардлагатай байгааг ажил олгогчид тодорхойлох учраас Зам Барилга Уул уурхай, Эрчим Хүч, Хүнс, Хөдөө Аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжийн эзэд, хүний нөөц, сургалт хариуцсан болон санхүүгийн ажилтнуудад МБС-д ажил олгогчдын оролцоо семинарыг явуулжээ. Ингэснээр Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагатай ажил олгогчид хамтран ажиллах таатай нөхцөл бүрдэх юм.
Хоёрдугаарт, Мэдээлэл холбоо, технологи:
Хүн төрөлхтөн өнөөдөр цахим ертөнц, техник технологи, мэдээлэл харилцаа холбоогүйгээр алхам ч урагшлах боломжгүй болж. Хаа сайгүй нутаг сэлгэн явах нүүдэлчин монголчууд өнөөдөр аль дуртай газраасаа өөр хоорондоо холбогдож байна. Үүний зэрэгцээ хором бүрт шинэчлэгдэн хөгжиж буй техник технологийг өдөр тутмын ажил, амьдралдаа ашиглах чадварт суралцах шаардлага өөрийн эрхгүй гарч байна. Тэрхүү шаардлага  мэргэжилтэй, чадварлаг ажилтан “бэлтгэгчид”-ийн хувьд давын өмнө тавигдах учиртай. Энэ хэрэгцээ шаардлагыг хангах үүднээс МБС-ын төслийн хүрээнд боловсруулсан ЧСС-ын 28 хөтөлбөрөөс компьютерийн үйлчилгээний ажилтан, сүлжээний ажилтан гэсэн хоёр мэргэжлийг сонгон авч энэ чиглэлийн багш нарыг мэргэшүүлэх сургалтад хамруулжээ.
Мөн мультмедиа сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах сургагч багш нарыг бэлтгэх зургаан сарын хугацаатай сургалтанд Мэдээлэл арга зүйн Үндэсний төв /МАЗҮТ/, Бүсийн арга зүйн төв /БАЗТ/-ийн багш нарыг сургаж байна. Сургалтыг МБС-ын төслийн хүрээнд байгуулсан МАЗҮТ-ийн сургалтын баазад түшиглэн зохион байгуулж байна. Энэхүү сургалтын хүрээнд мультимедиа сургалтын хэрэглэгдэхүүн, гарын авлага боловсруулж, түүнд тавигддаг Олон улсын стандартыг Монголын нөхцөлд тохируулан эмхтгэж МБС-ын салбарт нэвтрүүлэх ажлыг хийж байна.

Гуравдугаарт, Техникийн ур чадвар:

Удирдах ажилтнууд болон багш нар нэг “бүтээгдэхүүн” үйлдвэрлэгч учраас нэг ойлголт, мэдээлэлтэй, нэг зорилготой байснаар амжилттай ажиллана. Гэхдээ багш нар өөр өөрийн чиглэлээр илүү мэргэшсэн, ур чадвартай байх нь тэдний ажлын нэг шаардлага гэж үзэж, МБС-ын байгууллагуудын багш нарын мэдлэг, ур чадварыг орчин үеийн эрэлт, шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх зорилгоор тэдний техникийн боловсролыг дээшлүүлэх сургалтыг үе шаттайгаар явуулж байна. Бүх инженер, техникийн мэргэшсэн ажилтан, тэр дундаа техникийн боловсрол олгож буй багш нарын зайлшгүй мэдэх шаардлагатай суурь мэдлэг, чадварыг олгох зорилго бүхий техникийн суурь чадамж олгох, хий ба шингэн, цахилгаан ба электроник, механик, мехатроникийн сургалтад 400 гаруй багшийг хамруулсан байна. Түүнчлэн ММСС-ийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслөөс МБС-ын байгууллагуудад хүнд машин механизмийн симулятор, сантехник, цахилгаан, гагнуур, токарь, агаар сэлгэлт, хөргөлтийн орчин үеийн тоног төхөөрөмж, лабораториудыг нийлүүлжээ. Эдгээр тоног төхөөрөмжийг сургалтандаа бүрэн ашиглаж, дэлхийн жишигт нийцсэн хөрвөх чадвар бүхий инженер техникийн ажилтан бэлтгэхэд шаардлагатай мэдлэг,  чадварыг эзэмшүүлэх зорилгоор МБС-ын байгууллагын багш нарт дээрх тоног төхөөрөмжийг сургалтанд хэрхэн ашиглах талаар сургалтуудыг ч явуулж байна.

Их бүтээн байгуулалтын чухал мэргэжил болох Барилгын сантехник, барилгын мужаан, гагнуур, барилгын цахилгаан, хүнд машин механизмийн засвар, агаар сэлгэлт, халаалт, хөргөлт зэрэг мэргэжлээр МБС-ын багш нарыг мэргэшүүлэх сургалтанд хамруулж байна. Энэ нь зах зээлийн эрэлт шаардлагыг хангасан, мэргэжил, ур чадварын хувьд тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн инженер, техникийн ажилтанд байвал зохих мэдлэг, чадварыг эзэмшүүлж байгаагаараа МБС-ын салбарт хийгдэж байгаа шинэлэг ажлуудын  нэг болсон юм.

Мэргэжил дээшлүүлэх сургалтын дэд төслийн хүрээнд явагдаж байгаа эдгээр сургалтууд нь МБС-ын төслийн хүрээнд эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн 28 мэргэжлээр боловсруулсан ЧСС-ын загвар хөтөлбөртэй нягт уялдаатай хэрэгжиж байгаа юм.

Мэргэжил дээшлүүлэх сургалтын дэд төслийн хүрээнд зохион байгуулсан эдгээр  ажлын үр дүнгийн талаар дэд төслийн багийн ахлагч ноён Клавз Даал Кристенсений сэтгэгдлийг сонсоход:  “Сургалтын үр дүнд гаргасан баримт бичиг, гарын авлагууд нь МАЗҮТ-д үлдэж, цаашид МБС-ын байгууллагын багш нарт хэрэглэгдэх учраас энэ салбарт оруулж байгаа чухал хувь нэмэр болох юм. Мөн багш нар сургалтанд хамрагдсанаар өөрсдөө мэдлэг ур чадвараа дээшлүүлж, мэргэжлийнхээ түвшинд чадваржихаас гадна мэдсэн зүйлээ бусад багш нартаа түгээн дэлгэрүүлж, сургалтынхаа цаашдын үйл ажиллагаанд ашиглана гэдэг нь хамгийн том үр дүн болох ёстой.
Төслийн хүрээнд сургалтын үнэлгээ хийгдэж байгаа бөгөөд үнэлгээний эхний дүнгээс харахад маш олон багш сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ мэдээж үр дүн нь багш нар суралцаад, сурсан зүйлээ бусаддаа хэрхэн түгээж байна, сургалтандаа хэр сайн ашиглах вэ гэдгээс их хамаарна.
Дээрх сургалтуудад нийт 1640 хүнийг хамруулах зорилготой бөгөөд одоогийн байдлаар 90 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Анх төсөл эхлэхэд бид гадны багш, мэргэжилтнүүдийг авчирч ажиллуулах саналтай байсан хэдий ч сургалтыг явуулах туршлага, чадвартай байгууллага Монголд олон байгааг олж мэдсэн. Тиймээс тэдэнтэй хамтран ажиллаж, төслөө амжилттай хэрэгжүүлж байгаадаа баяртай байна” гэлээ. 



Харин төслийн үр шимийг хүртэгч олон зуун багш нарын нэг болох Техник, технологийн дээд сургуулийн Хүнд машин механизмын багш Г.Энхтогтох; “Сургалтад хамрагдсанаар мэдлэгээс гадна төслөөс нийлүүлсэн лаборатори, шинэ техник, тоног төхөөрөмж дээр сургалтаа бодитоор явуулж, туршиж үзэх боломж бүрэн дүүрэн нээгдсэн. Ийм учраас дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн чадварлаг ажилтанг бэлтгэн гаргах боломж бидэнд бүрдэж байна” гэж ярьсан юм.
Монгол улсын Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарынхан энэ мэтчилэн мэдлэгээ зузаатгаж, ур чадвараа ахиулж, ажил мэргэжилдээ хандах хандлагаа улам бүр нэмэгдүүлэн чадамжаа бэхжүүлсээр... 


0 comments:

Post a Comment

Share