Tuesday, March 6, 2012

Зөв сонгосон мэргэжил насан туршийн баталгаа


Хүн амьдралынхаа турш жижиг том олон олон сонголтуудыг хийдэг. Магадгүй тэрхүү сонголтуудыг хийж буй буруу, зөвийн огтолцол дээр хүний амьдралын сайн, муу дэнслэгдэн хувиарлагдаж байдаг бизээ.  

Галын оч мэт гялалзаад өнгөрөх амьдралын эргүүлэгт хөл тавихын өмнө нэгэн сонголтыг хүн бүхэн хийдэг. Сорьж сонжсон эдгээр олон сонголтуудын нэг бол ажил мэргэжлийн сонголт. Ажил мэргэжлээ хувийн мөн чанар, онцлогтоо тохируулан сонгож, үнэн сэтгэлээр дур сонирхолтойгоор мэрийн  хөдөлмөрлөх олон мянган хүний амжилт нь нийгмийн сайн сайхны баримжаа, улс орны урагштай хөгжлийн бас нэгэн чиг болдог жамтай. Иймд ажил мэргэжил бол ганцхан хувь хүний аж амьдрал, ирээдүй хойчийн баталгаа биш юм. 


Соёлжиж иргэншсэн энэ нийгэмд эрийн цээнд хүрч, иргэний үнэмлэх өвөртлөх цагт ямархан мэргэжил эзэмшин, хүний дайтай амьдрах вэ гэсэн тэрхүү сонголттой  хүн бүр эрхгүй нүүр тулдаг. Ховорхон заяат хүмүүний орчлонд хэн байх, хэн болж амьдрахаа шийдэх тэр үед бидний ихэнхи нь дутуу бодож, дулимаг тунгаасан сонголтыг хийх нь бий. Өөрөөр хэлбэл их дээд сургууль төгсөх нь амьдралын цорын ганц баталгаа мэт санах, товлож хүссэн сургуулийн элсэлтийн шалгалтандаа тэнцэхгүй бол таарсан нэг сургуульд оюутан болж “зэрэглээтэх” гэх мэт яарч тэвдсэн сонголтуудыг хийдэг. Эсвэл аав ээжийн “шахаасаар” мэргэжлээ сонгоод амьдралынхаа турш дургуй сонголтынхоо боол нь болж үлгэн салган амьдрагсад ч болдог тал бий.

Гэхдээ хүн бүрийн сонголт зөв байх албагүй ч амьдралын үүрдийн хань болох ажил мэргэжлийн сонголтыг хийхдээ хүн яалт ч үгүй цаг зав гаргаж, хариуцлагатай хандах хэрэгтэй. Аливаад хариуцлагатай, нухацтай хандах нь хойшид гарах эрсдэлийг багасгах нь дамжиггүй. Бид хань ижлээ сонгохдоо нухацтай няхуур ханддагттай адил, насан туршийн амьжиргааны эх үүсвэр, баталгаа болох мэргэжлээ “долоо хэмжиж нэг огтлохын дайтай” тунгаах хэрэгтэй бизээ. Ер нь бол өөрийгөө сайтар таньж мэдсэний дараагаар өөрийн мөн чанартаа нийцүүлэн сонгосон мэргэжилтэй чадварлаг боловсон хүчин, ажилчдын гарт л амжилтын алтан түлхүүр атгагдаж тэрхүү алтан түлхүүрээр хувийн болоод улс орны эрдэнэсийн яндашгүй өгөөмөр санг нээж чадах бизээ.

Сүүлийн жилүүдэд хүмүүс зөв буруу мэргэжлийн сонголтын талаар ярих болсон. Мэдээж зөв буруу мэргэжил гэж үгүй. Бүүр цаашлаад сайн муу ажил ч гэж үгүй. Учир нь ажил мэргэжил хүнийг голохоос, ажил мэргэжлийг голж чамлах нь байж боломгүй юм. Иймд ажил мэргэжлээ сонгохын тулд би өөрөө хэн билээ, энэ ажил мэргэжил миний хувийн онцлогт тохирох эсэх цаашлаад ирээдүйд зах зээл бий эсэх гэхчилэн олон зүйлийг дэнслэн байж зөв сонголт хийж чадваас өөртөө насан туршийн томоос том хөрөнгө оруулалт хийж буй хэрэг юм.

Сүүлийн жилүүдэд мэргэжлээ сонгох гэж байгаа төгсөх ангийн сурагчид, ажилгүй иргэд болон насанд хүрэгчид, их сургуулиа төгсөөд ажил хайж буй иргэд гэхчилэн ажил амьдралынхаа гарцыг хайж буй хүн бүрт хандсан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө сургалтуудыг олон байгууллага зохион явуулдаг болжээ. Эдгээр байгууллагуудын олонхи нь өөрийн сургуулиудыг сурталчилсан, тухайн сургуулийн давуу тал, сургуульдаа заадаг мэргэжлийн онцлогийг ухуулсан байдаг.

Харин Монголын Мянганы сорилын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн хүрээнд Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоог бий болгох, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг хөгжүүлэх гэсэн дэд төслийг  хэрэгжүүлж эхлээд байгаа. Уг дэд төслийг 2011 оны 3-р сараас эхлэн Герман улсын “Applicatio/PEM GbmH” зөвлөх үйлчилгээний компани хэрэгжүүлж байна. Тус дэд төслийн зорилго нь Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгож шаардагдах хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээг боловсронгуй болгох, түүнчлэн төслийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн бодлого боловсруулах, ажилгүйдлийг бууруулах арга хэмжээг төлөвлөх зэрэгт хэрэглэгдэх хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг нэг дор цуглуулсан нэгдсэн системийг бий болгоход чиглэж байна.

Монголын Мянганы сорилтын сангийн хэрэгжүүлж байгаа энэхүү дэд төслийн гол давуу тал нь улс эх орны боловсон хүчин бэлтгэх алсын хараатай тулгуур бодлогыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт шаардлагатай уялдуулдан бодлогын түвшинд зохион байгуулан боловсруулж байгаагаараа онцлог юм.

Ажил хайж байгаа иргэд, төгсөх ангийн оюутан сурагчид, сургуулиас завсардагсад, сургууль төгсөөд ажилгүй байгаа залуус, мөрөөдлийн ажлаа хайж байгаа хэн бүхэнд хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага, хөдөлмөрийн зах зээл дээр шинээр бий болж байгаа ажлын байр, мэргэжлийн тухай танилцуулах замаар боловсрол, сургалт, ажил хөдөлмөрийн сонголт хийх, карьерээ сайжруулахад нь туслах ажил, мэргэжлийн зөвлөхүүдийг сургах ажлууд хийгдсэн юм. 

Улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлдэг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хөдөлмөрийн төв бирж, Нийслэлийн хөдөлмөрийн газар зэрэг байгууллагын холбогдох мэргэжилтнүүдэд зориулсан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний ур чадварыг сайжруулж, чадавхжуулах олон удаагийн сургалтуудыг зохион байгуулсан. Эдгээр сургалтуудын үр дүнд оролцогчид мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээний тухай ойлголт, ач холбогдол, төрөл зүйл, үзүүлэх арга хэлбэр зэрэг сэдвийг судалж ур чадвараа сайжруулаад зогсохгүй энэ чиглэлээр сургагч багшийн түвшинд бэлтгэгдэн аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн нийгмийн ажилтнуудад зориулсан  дараа дараагийн ээлжийн сургалтыг бие даан явуулсан. Энэ бүхний үр дүнд мэргэжлийн зөвлөх мэргэжилтэнүүдийн ачаар сайхан амьдралын гарцыг нээсэн ажил мэргэжлийн сонголтоо зөв хийх боломжтой болж байгаа юм.

Бидний эргэн тойронд асар олон боломж, сонголтууд тэнгис далайн ус мэт цэлэлзэн байдаг. Амьдрал гэх агшин зуурт бадамлаад өнгөрөх ахархан  хугацаанд сэтгэлдээ нартай тулгандаа галтай амьдрах зөв сонголтыг хийхэд туслаж байгаа мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүүдийн мэдээллийн бурмаас хутган хүртэх боломж та бидний өмнө нээлтэй байна.




1 comments:

Post a Comment

Share