Tuesday, March 6, 2012

Дэлхийн мэргэжилтэнг монголдоо бэлтгэх таван жилийн хөтөлбөр

 
Монголын аж үйлдвэрлэл, эдийн засаг, боловсролын салбаруудад их хөгжлийн шанг татсан шинэ өглөөний нар аль хэдийн манджээ. Жин үдийн нар хөөрөхөөс урьтаж өмнөх он жилүүдэд хийж бүтээсэн басхүү хийгээгүй орхисоноо нягтлан дүгнэж угтан буй ондоо хийхээр төлөвлөсөн бүхнээ хэлэлцэн тохирч бүсээ чангалан ханцуй шумлан орох үлдсэн. Эх орны ирээдүйн эдийн засгийн гол тулгуур нуруу болох хоёр том ордын үүцийг задалж, хойч ирээдүйг жолоодох, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхуйц “оюунтануудыг” бэлтгэх Кембрижийн боловсролын стандартыг эх нутагтаа “өөриймшүүлж”, дэлхийн иргэдийг гангалах Монгол брендийг үйлдвэрлэж эхэллээ. Басхүү дэлхийн их гүрнүүдтэй эн зэрэгцэх эрмэлзэл тээсэн хөгжлийн галт тэрэг хурдаа аван замдаа гарсныг бидний үе нотолж байна. Одоо бидэнд буцах зам үгүй гагцхүү урагшаа зүтгэх ганцхан сонголт үлдсэн.
Харин яг энэ цаг мөчид хөгжлийн галт тэргийг жолоодох ур чадвартай, мэргэжлийн мэргэшсэн боловсон хүчин хангалттай бий билүү гэсэн асуултыг бид өөрсдөөсөө асуух хэрэгтэй болжээ. Их бүтээн байгуулалт, эдийн засгийн хөгжлийн энэ том галт тэргийг ганцхан их дээд сургууль төгсөгчид, түүнд суралцагсад дангаар жолоодно гэдэг нь өрөөсгөл ойлголт. Хөгжлийн галт тэргийн жолоог нэмүү өртөг үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид хэмээн нэрлэгддэг мэргэжлийн боловсрол сургалтын /МБС/ төгсөгчид, суралцагсад мөн адил атгалцана. Өөрөөр хэлбэл их дээд сургууль төгссөн боловсролтой чадвартай төгсөгчид, мөн мэргэжил боловсролын сургалтанд хамрагдсан өндөр ур чадвартай ажилчдаар удирдуулсан хос жолоодлоготой галт тэргээр бид хүссэн хөгжлийн замдаа бардам “аялж” чадах юм. 

Шүүмжилж балладаг коммунизмын нийгмээс бидэнд авах юм их байсан. Үйлдвэрийн яндангийн хүнгэнэх дуунаар өвөө, эмээ, ээж, аав минь ажилдаа яарч амтат “цагаан дээлт”, цагаан ултай хөнгөн гутал, өвөлдөө үл жиндүүлэх дархан нэхий, биед зөөлөн ноолууран цамцыг үйлдвэрлэж, алтан гартай бурхан ухаантай барилгын инженерүүдийн ачаар нүүдэлчдийн эсгий гэрт нийслэлд өнгө нэмсэн тохилог байшингууд сүндэрлэж, улмаар аж үйлдвэрлэлийн суурь баазыг баттай сайн тавьж байсан билээ. Тэртээх он жилүүдэд их бүтээн байгуулалтыг “эх барилцсан” алтан гартай бурхан ухаантай мужаан, уран үйлчин, шалмаг барилгачдыг хуучнаар техник мэргэжлийн сургуульд сургаж бэлтгэдэг байсан юм.

Эрх чөлөө, шинэ нийгмийг далласан ардчилсан хувьсгал бидэнд асар олон боломжийг нээж өгсөн ч удаан үргэжилж буй шилжилтийн давалгаандаа олон зүйлийг хамж салгисан. Амьдрал өрнөж, үйлдвэрлэл цэцэглэж байсан олон аж үйлдвэрүүд, барилга трестүүд үүд хаалгаа барьж, эзэнгүй үлдсэн заримыг овжин цөөнхийн гарын салаагаар урссан.  90 оноос хойшхи шилжилтийн үед Монголын аж үйлдвэрийн салбарын хөгжил бүдгэрсэнтэй адилхан техник мэргэжлийн сургалтын салбар ч мөн доголдож эхэлсэн юм. ТМС-д суралцагсдын тоо эрс цөөрч, төгсөж гарсан төгсөгчдийн дийлэнх нь амьжиргаагаа залгуулж хүрэхгүй цалингаар ажиллах болжээ. Бас дээрээс нь ТМС-д ядуу айлын, эсвэл 9-р ангидаа элсэж орж чадаагүй муу сурлагатнууд элсэн ордог гэсэн ойлголтоос болж ТМС-д элсэн суралцагсдын тоо эрс цөөрч улмаар чадварлаг боловсон хүчнээр дутагдсан энэ салбарын үйл ажиллагаа доголдож эхлэсэн.

2000 оноос хойш Монголын аж үйлдвэрлэл, барилга, уул уурхайн салбар аажимдаа хөгжин өндийхийн хирээр энэ салбарын цусыг сэлбэх шинэ боловсон хүчин, чадварлаг ажилчид эрэлт хэрэгцээтэй болсон юм. Өнөөдөр монголын аж үйлдвэрлэл, барилга, уул уурхайн салбар өмнөх үетэй харьцуулбал цөөхөн хэдэн тооны гадаад харилцагчаас илүүтэйгээр дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудтай хөрөнгө оруулалт, хамтын бизнесийн зарчмаар хамтран ажиллаж эхлээд байгаа билээ. Иймээс бүдгэрч орхигдох шахуу болсон техник мэргэжлийн салбарыг ахин эргэн харж өнөөгийн  хөдөлмөрийн зах зээлийн эрэлт шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх шаардлага тулгараад байна.
Эхний ээлжинд сургууль төгсөөд л ядуусын эгнээнд ордог баклаврын диплон өвөртлөгч мянган мянган залуусд одоогийн хөдөлмөрийн зах зээл юу хүсэж байгааг ойлгуулан тэднийг техник мэргэжлийн сургалтанд сургах замаар ажилгүйчдын тооноос хасах, улмаар мэргэжлийн боловсрол сургалтын тогтолцоог эргэн харж бэхжүүлэх, нийгмийн түншлэлийг хэрэгжүүлэх, суралцагсдын ур чадварыг ахиулах, сургалтын орчинг сайжруулахад чиглэсэн зохицуулалтуудыг бий болгохын тулд 2002 онд Боловсролын багц хуулийг шинэчилж, Мэргэжлийн боловсрол сургалтын тухай бие даасан хуулийг анх удаа батлан гаргасан юм. Түүнчлэн 2008 оноос эхлэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-д суралцагч бүрт сард 45000 төгрөгийн сургалтын дэмжлэг үзүүлдэг болсон нь тэдний суралцах сонирхол, идэвх чармайлтыг ахиулахад ихээхэн түлхэц үзүүлснээс гадна мэргэжлийн боловсрол сургалтыг сонирхон суралцах залуусын тоог нэмэгдүүлсэн ихээхэн ач холбогдолтой алхам болсон билээ.

2009 онд Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийг шинэчлэн найруулж гаргасан нь Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн, төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан, нийгмийн түншүүдтэй хамтран ажиллаж хөгжих эрх зүйн орчныг  бий болгоход ихээхэн ач холбогдолтой болсон юм. Энэхүү хууль шинэчлэн батлагдсаны дараагаар төр, хувийн хэвшлийн тэнцүү төлөөлөл бүхий 16 гишүүнтэй Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөл (МБСҮЗ), Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мэргэжлийн боловсрол, сургалтын газар шинээр байгуулагдан ажиллах болсон нь Монголын мэргэжил боловсрол сургалтын салбарт нэгэн шинэ хуудсыг нээж өглөө. 

2011 онд Мэргэжлийн боловсрол сургалтын газраас сүүлийн таван жилд МСҮТ-д элсэн суралцсан суралцагсдын тоонд хийсэн статистик мэдээг харахад 2006 онд 24766 байснаас 2011 онд 46071 болон таван жилийн хугацаанд тогтмол өссөн байдалтай байгаа юм. Хэдийгээр энэ баримт элсэн суралцагсдын тоо нэмэгдэж байгааг илтгэж байгаа боловч өнөөгийн зах зээлийн эрэлт хэрэгцээ шаардлага, ажил олгогч эздийн хүсэл нь мэргэжлийн боловсрол сургалтын төгсөгчдөөс олон улсад хүлээн зөвшөөрөгдөх өндөр ур чадварыг хүсэж байгаа юм. Учир нь саяхан Хөдөлмөрийн төв биржээс гаргасан тоо баримтаас харахад одоогоор мэргэжил боловсрол сургалтын төвд суралцагсдын 50 хувь нь ажилгүйчдын эгнээнд орж байгаа  баримтыг Хөдөлмөрийн төв биржийн дарга А.Зангад дурьдаж байсан. Энэ нь нэг үгээр ажил олгогч эзэд юу хүсэж байгааг, мөн сургалтын чанар стандартыг шинэчлэх шаардлагатайг хэлээд өгч байгаа юм. Монголын аж үйлдвэрлэл ялангуяа барилга, уул уурхайн салбаруудад өндөр хөгжилтэй орнуудын дэлхийд танигдсан техник технологийг ашиглаж, гадаадын хөрөнгө оруулалттайгаар олон улсын мэргэшсэн багууд монголд ажиллаж эхэлсэнтэй холбоотойгоор тус техник технологийг эзэмшин ажиллуулж чадах, чадварлаг боловсон хүчнийг өнөөдөр монголын мэргэжлийн боловсролын сургалтын салбараас нэхэж байна. Өөрөөр хэлбэл өнөөгийн хөдөлмөрийн зах зээл дээр өндөр ур чадвартай мужаан, механикч, хүнд даацын машины жолооч, слесарь, уурхайчин, гагнуурчинг алтаар үнэлэх цаг нь иржээ. Иймд алтаар үнэлэгдэх чадварлаг монгол мэргэжилтэнг бэлтгэх чадамжинд суурилсан сургалтыг 3-5 жилийн хугацаанд монголын хөрсөнд суулгах ажил эхэлж байна..

Иймээс мэргэжил боловсрол сургалтыг чадавхжуулах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чадамжинд суурилсан сургалтын стандартыг хөгжүүлэх шаардлага тавигдаж  байгаа юм. Энэхүү Мэргэжлийн боловсрол сургалтын салбарыг шинэчлэх хөгжүүлэх зорилготойгоор Монголын Мянганы Сорилтын Сан 22.1 сая ам.долларын төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.
Одоогоор энэхүү төслийн хүрээнд чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулагч 54 мастер багшийг бэлтгэж эхлэн Монголын Мянганы сорилтын сангаас 2010 оноос хэрэгжиж эхэлсэн мэргэжлийн боловсрол сургалтын төслийн дэргэдэх "Чадамжид суурилсан сургалт" дэд төслийн хүрээнд эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн 28 мэргэжлээр чадамжид суурилсан сургалтын загвар хөтөлбөр боловс­руулах зорилготой ажил­лаж байгаа юм. Өнгөрсөн хуга­цаанд эдгээр 28-аас барилгын цахилгаанчин, дэд станцын үйл­чил­гээний монтёр, автын мехат­роник, хүнсний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн техникч, вэб дизайнер, компьютерийн үйлчил­гээний ажилтан, сүлжээний ажил­тан, уул уурхайн нөхөн сэргээлтийн ажилтан, эрчимжсэн мал аж ахуйн фермер, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн техникч, ногоочин-цэцэрлэгжүүлэгч зэрэг нийт 17 мэргэжлийн сургалтын хөтөлбө­рийг бэлэн болгоод байна. 2011 оны есдүгээр сараас Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд боловсруулсан сургалтын хөтөл­бөрүүдээ туршиж эхлэх юм.
Мөн түүнчлэн чадамжинд суурилсан сургалтын стандартыг амжилттай хэрэгжүүлэн, дэлхийд тэргүүлэх хөгжлийн галт тэргийг жолоодолцох чадварлаг Монгол мэргэжилтэнг бэлтгэхийн тулд төр хувийн хэвшлийн хамтын түншлэл зайлшгүй үгүйлэгдэж байгаа юм. Учир нь Монголын мэргэжлийн боловсрол сургалтын салбар нь өнгөрсөн он жилүүдэд багшийг шүтэж танхимд суурилсан практикаас хол хөндий байж ирсэн нь үйлдвэрлэлийн хөрсөнд буухгүй, техник тоног төхөөрөмжөө танихгүй нэг үгээр “дутуу төрсөн” төгсөгчдийг бэлтгэн гаргаж байсан гэхэд хилсдэхгүй. Иймд одоогийн зах зээлийн эрэлт юу хүсэж байгааг соргог мэдэрсэн, ажил олгогч эздийн хүсэл шаардлагыг биелүүлж  чадах, төр ба хувийн хэвшлийн түншлэлийг дэмжсэн мөн хурдацтай хөгжиж байгаа зах зээлд түргэн хугацаанд хөрвөх өндөр ур чадвартай ажилчдыг нийлүүлэх чадамжтай МБС-ын тогтолцоо зайлшгүй үгүйлэгдэж байгаа юм.
Энэхүү МБС-ын салбар үгүйлэгдэж байгаа шинэ тогтолцоог бий болгох 2011-2016 оны 5 жилийн стратегийн тулгуур баримт бичгийг боловсруулахад суурь материал болох зөвлөмж бичгийг Монголын Мянганы Сорилтын сангийн дэмжлэгээр МБСГ-ын олон улсын зөвлөх Антони Тирел боловсруулсан юм.  2011 оны 11р сард боловсруулагдсан стратегийн зөвлөмж бичигт 8 үзүүлэлтийг МБС-ын салбарын шинэчлэл хөгжлийн гол хүчин зүйл гэж тодорхойлсон байна. 1-рт төрийн оролцоо болон таатай хууль эрх зүйн орчин, 2-рт үйлдвэрлэлийн салбар буюу хувийн хэвшлийн ажил олгогчдын оролцоо, 3-рт тогтвортой санхүүгийн эх үүсвэр, 4-рт чадамжинд суурилсан стандарт, үнэлгээний үйл явц, 5-р мэргэшлийн хүрээ, 6-рт ур чадварт тулгуурлан боловсрол олголт, 7-рт салбарын чанарын хүрээ, 8-рт боловсролын үнэлгээ.  Эдгээр найман хүчин зүйлийг удиртгал болгосон салбарын 2011-2016 оны стратеги төлөвлөгөөг хэлэлцэх семинарт салбарын гол түншлэгч байгууллагуудын төлөөллийг урьж оролцуулан, тэдний санал, зөвлөмжийг авсан юм.  Тус семинарыг энэ сарын  13-14-ний өдрүүдэд  зохион байгуулсан бөгөөд МБС-ын Үндэсний зөвлөлийн (МБСҮЗ) гишүүд, МБСГ-ын мэргэжилтнүүд, ажил олгогч, хандивлагч байгууллагуудын төлөөлөл зэрэг 60 гаруй хүн оролцлоо.. Хэлэлцүүлгийн үр дүнд 2011-2016 онуудад МБС-ын салбарыг хөгжүүлэх стратегийн  бодлого, чиглэлийн  талаар салбарын гол оролцогч талууд нэгдсэн ойлголттой болсоны зэрэгцээ тус стратегийн бодлого, чиглэлийг  хэрэгжүүлэх алхамуудын талаар саналаа нэгтгэсэн юм. Харин МБС-ын салбарын стратегийн баримт бичгийг эцсийн байдлаар 2012 оны 3-р сард гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд энэхүү баримт бичиг гарснаар төр хувийн хэвшлийн үр өгөөжтэй хамтын ажиллагааг дэмжих сайн хууль эрх зүйн зохицуулалттай болж, хурдацтай хөгжиж байгаа өнөөгийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чадварлаг боловсон хүчинг бэлтгэх чадамжинд суурилсан сургалтыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх нөхцөл бэлхнээ бүрдэнэ гэж ойлгож болно. Мөн өнөөдөр манай улсын хөдөлмөрийн зах зээл дээр сайн цалинтай ажлын байрыг эзэгнэж байгаа гадаад ажилчдыг өндөр ур чадвартай Монгол ажилчдаар хурдан хугацаанд солих бүрэн боломжтой болох юм.  

Мэдээж, эцсийн бүлэгт тэдгээр өндөр ур чадвартай, дэлхийд эн тэнцэх мэргэжилтэй Монгол ажилчид бидний ирээдүйн хөгжлийн галт тэргийн гарцаагүй нэг жолоодогч байх юм.


0 comments:

Post a Comment

Share