Monday, June 10, 2013

Ц.БАЯРЖАРГАЛ: АЖИЛ ОЛГОГЧ БОЛОН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ТОГТВОРТОЙ ҮРГЭЛЖИЛНЭ

АНУ-ын Мянганы сорилтын корпораци /МСК/-ийн санхүүжилтээр Монголын Мянганы сорилтын сан /ММСС/-ийн Мэргэжлийн боловсрол, сургалт /МБС/-ын төслийн хүрээнд Үндэсний хэмжээнд 2 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг хийж 2010 оноос эхлэн “Өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөр” /ӨТХ/-ийг хоёр үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлсэн. “Өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөр”-ийг ажил олгогч болон сургалтын байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх, МБС-ын байгууллагын тэргүүн туршлагыг хөгжүүлэн түгээн дэлгэрүүлэх гэсэн үндсэн хоёр чиглэлээр 28 төсөлт хөтөлбөрийг Улаанбаатар хот болон 14 аймгийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн нийт 26 төв дээр хэрэгжүүлсэн юм.
Хөтөлбөрийн хүрээнд гарсан чухал ололт амжилтын нэг нь МБС-ын салбарт өнөөдөр нэн их үгүйлэгдэж буй ажил олгогч ба мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоо сайжирсан явдал юм. Хөтөлбөрийн явцад нийт 48 ажил олгогч, түнш байгууллагатай хамтран ажилласан бөгөөд сургалтын орчин сайжруулах, онол дадлагын анги танхим шинээр байгуулах, дадлагын тоног төхөөрөмжөөр хангах, багш болон суралцагчдыг дадлагажуулахад ажил олгогч  байгууллагуудын зүгээс нийт 1 тэрбум гаруй төгрөгийн биет болон биет бус хөрөнгө оруулалт хийсэн.
Тухайлбал түнш байгууллагуудын дэмжлэгтэйгээр онолын 25 анги танхим, дадлагын 25 газар болон талбай, эрчимжсэн аж ахуйн сургалтын хоёр бааз, багшийн хөгжлийн болон зөвлөгөө өгөх 21 төвийг тус тус тохижуулж, мөн шинээр байгуулсан байна. Мөн чадамжинд суурилсан сургалтын 36 хөтөлбөр /ЧССХ/ боловсруулагдсаны 20 нь эцсийн байдлаар батлагдан, тус хөтөлбөрийн дагуу ажил олгогч байгууллагуудын захиалгаар түр болон захиалгат сургалтуудыг явуулж эхлээд байна.
Түүнчлэн нийт 94 гарын авлага, орчуулгын ном, зөвлөмжийг боловсруулсан.  Улмаар ажил олгогч болон сургалтын байгууллагын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч цаашид бүх талаар хамтран тогтвортой ажиллах боломж, нөхцөл бүрдээд байна. Жишээ нь: “Дархан-Өргөө” Политехник коллеж, Орхон аймгийн Технологийн сургуулиуд ажил олгогч байгууллагуудтай  түр сургалтаар 544, урт хугацааны сургалтаар 48 хүнийг тус тус сургах захиалгат сургалтын гэрээ байгуулаад байна.

“Өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөр”-т  хамрагдсан 26 байгууллагын төлөөлөл болгож Орхон аймаг дахь ШУТИС-ийн салбар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн Эрчим хүчний тэнхимийн эрхлэгч, “Эрдэнэт АСХА” тэтгэлэгт төслийн ахлагч Ц.Баяржаргалтай уулзсан юм.
Та төслийхөө талаар уншигчдад товч танилцуулна уу?
Манай сургууль ММСС-ийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн хүрээнд зарласан Ажил олгогч ба сургалтын байгууллагын хамтын ажиллагааг дэмжих “Өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөр”-т “Ил уурхайн цахилгаанчин” сургалтын хөтөлбөр боловсруулах төслөөр шалгарч 2010 оны 12 сараас үйл ажиллагаагаа эхэлсэн  юм.
Төслийг Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрХХК, Монгол-Америкийн хамтарсан Эрдмин үйлдвэр ХХК, ОюутолгойХХК, Эрдэнэт-Булганы Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК зэрэг ажил олгогч түнш байгууллагуудтай хамтран гүйцэтгэж, Ил уурхайн цахилгаанчин сургалтын хөтөлбөр боловсруулахЭрдэнэт АСХА төслийг ММСС-гийн 171,228 сая төгрөгийн санхүүжилттэйгээр хоёр жилийн туршид амжилттай хэрэгжүүллээ.
Төслийн зорилго нь ажил олгогчдын эрэлт, шаардлагад нийцсэн, монгол орны уул уурхайн аль ч үйлдвэрт ажиллах чадвартай “Ил уурхайн цахилгаанчин бэлтгэх” чадамжид суурилсан сургалт /ЧСС/-ын тогтолцоог бий болгох явдал байлаа.
Төслийн хүрээнд ил уурхайн цахилгаанчин, хүдэр бутлах, боловсруулах, нунтаглах, угаах машины оператор, уул уурхайн машин, тоног төхөөрөмжийн механик гэсэн 3 мэргэжлээр ЧСС-ын 130 гаруй хөтөлбөр боловсруулж, суралцагч болон багшийн гарын авлага, сургалтын материал бичих, дадлагын газар байгуулах, чадварлаг багш бэлтгэх, үйл ажиллагаагаа сурталчилах, түгээн дэлгэрүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллалаа.
Ажил олгогч түнш байгууллагуудын төсөлд оруулсан хувь нэмэр хэр байсан бэ?
Ажил олгогч түнш байгуулагуудын мэргэжлийн өндөр ур чадвартай, дадлага туршлагатай инженерүүдийн оролцоотойгоор гурван мэргэжлээр ажил мэргэжлийн дүн шинжилгээ, ажилбарын шинжилгээ, зураглал, мэргэжлийн стандарт, сургалтын хөтөлбөр, суралцагчийн болон багшийн гарын авлага, сурах бичгүүдийг боловсруулсан.
“Оюутолгой” ХХК цахилгаан машин, цахилгаан хөтлүүр, цахилгаан техник, электроник, процессийн автоматжуулалтын нийт 151 сая төгрөгийн өртөг бүхий лабораторийн тоног төхөөрөмжийг хандивлаж, 28 суралцагчийг “Ил уурхайн цахилгаанчин” ЧСС-ын хөтөлбөрөөр суралцуулан төгсгөж ажлын байраар 100% хангаад байгаа төдийгүй 48 суралцагчийг 4 жил суралцуулах гэрээ байгуулан суралцуулж байна.
Эрдэнэт үйлдвэрХХК-ийн Цахилгаан цех 47 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар өөрийн нэрэмжит Цахилгаан хангамжийн лаборатори байгуулж өгсөн. Эрдмин үйлдвэрХХК Мультимедиа DVD хичээл бэлтгэх зориулалттай дүрс, дуу бичлэгийн студийг байгуулахад хувь нэмэр оруулсан.
Мөн төслийн санхүүжилтээр тус бүр нь 72м2 талбай бүхий  дадлагын гурван газар, Ил уурхайн цахилгаанчин виртуаль лаборатори, цахилгаан хэрэгслийн дадлагын газар байгуулснаар чадамжид суурилсан сургалтыг амжилттай зохион байгуулах нөхцөл бололцоог бүрдүүлээд байна.

Төслийн үр дүн, цаашдын тогтвортой байдлын талаар?

Үр дүнгийн хувьд гэвэл төсөл маань зорилго, зорилтоо бүрэн биелүүлсэн төдийгүй сургалтын хөтөлбөр боловсруулахад цахилгаан, механик, баяжуулалтын гурван мэргэжлийн баг, 163 багш, мэргэжилтэн оролцлоо. Дадлагын гурван газар, хоёр кабинет, цахим хичээлийн студи байгуулахад ажил олгогч байгууллагуудаас нийт 240 орчим сая төгрөгийн хувь нэмэр оруулсан. Техникийн англи хэлний сургалт, сурган заах аргазүйн сургалт, ЧСС-ын хөтөлбөр боловсруулах аргазүйн сургалт, дотоод, гадаад туршлага судлах аялал, Е-хичээл бэлтгэх сургалтанд 150 багш, мэргэжилтнүүдийг хамруулсан, ажил олгогчдын захиалгаар 106 ажилтныг туршилтын сургалтанд хамруулсан гээд олон ажлыг амжилттай зохион байгууллаа.

Багш нар сургалтын хөтөлбөр боловсруулах аргазүйд суралцсан учраас төсөл хэрэгжээд дууссан ч бусад мэргэжлүүдээр ЧСС-ын хөтөлбөр  боловсруулах чадвартай болсон. 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн 4 жил “Оюутолгой” ХХК-ийн захиалгаар токарьчин, гагнуурчин, тоног төхөөрөмжийн засварчин, ил уурхайн цахилгаанчин мэргэжлээр 130 гаруй суралцагчийг суралцуулах, уул уурхайн эрэлт ихтэй гурван мэргэжлээр боловсруулсан сургалтын хөтөлбөрөөр уул уурхайн үйлдвэрүүдээс сургалтын захиалга авах зэрэг нь төслийн тогтвортой үргэлжлэх боломжийг олгоно гэж үзэж байна.
 

Төслийг амжилттай хийж гүйцэтгэхэд ажил олгогч түнш байгууллагуудын  хувь нэмэр асар их байсан төдийгүй, Монголын Мянганы сорилтын сан /ММСС/-ийн Мэргэжлийн боловсрол сургалт /МБС/-ын төслийн удирдлага, хамт олон болон манай сургуулийн Эрчим хүчний тэнхим, Механикийн тэнхим, Уул уурхайн тэнхмийн багш нар болон төсөлд хувь нэмэр оруулсан бүх хүмүүст талархалаа илэрхийлье.
Баярлалаа.

0 comments:

Post a Comment

Share