Monday, June 10, 2013

МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-ХОЛЧ УХААН


Том болоод ямар мэргэжилтэй болох вэ? гэж дөрөв, таван настай хүүхдээс асуухад хүйсээсээ хамаараад ихэнх нь эмч эсвэл компаний захирал болно гэж хариулдаг. Харин Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн ахлах ангийн сурагчдын мэргэжил сонголтын талаарх саналыг нь сонсоход эмч, эдийн засагч, сэтгүүлч, эрхзүйч, инженер гэх. Тэд мэргэжил сонголтын талаар дөрөв, таван настай хүүхдээс нэг их ялгаагүй юмуу даа гэмээр...
Өнгөрсөн 12 дугаар сард Монгол Улсын Хөдөлмөрийн төв бирж /МУХТБ/-ийн Төлөвлөлт, хөгжил, сургалтын албанаас Багануур дүүргийн Гүнгалуутай цогцолбор сургуулийн 107 бүлгийн 34 сурагчаас авсан мэргэжил сонголтын талаар бяцхан судалгаа хийжээ. Судалгаанд хамрагдсан сурагчдын 60 гаруй хувь нь ирээдүйн мэргэжлээ сонгосон гэсэн хариултыг өгсөн бөгөөд тэдний 50 шахам хувь буюу 16 хүүхэд нь эцэг эхийн зөвлөснөөр, 18 нь өөрийн хүссэнээр мэргэжлээ сонгосон гэж хариулсан байна. Гэхдээ тэд 100 хувь дээд мэргэжлийг сонгосон бөгөөд эдийн засагч, эмч, инженер гэсэн 3 төрлийн мэргэжлийг 34 хүүхдийн 23 нь буюу 60 гаруй хувь нь сонгожээ. Үлдсэн хувь нь сэтгүүлч, банкны мэргэжилтэн гэсэн хариултыг өгч, ганц нэгхэн нь электроникийн чиглэлээр сурна гэсэн байдалтай байлаа.
Гэтэл дэлхий дээр 5000, 7000, 10000 хүртэл  төрлийн мэргэжил байдаг гэж ярьдаг. Гэхдээ хөгжлөө дагаад зарим нь устаж, бас зарим нь шинээр гарч байдаг байна. Тиймээс дээрх тоо тийм ч барьцтай биш ч гэлээ ямар ч байсан мэргэжил сонголтын хувьд хэдэн мянгаар л лав тоологдох нь. Харин манай улсын хувьд яригдах 4000 шахам мэргэжлээс байнга сонгогддог нь гарын 10 хуруунд багтаж байна. Даанч энэ хэдхэн мэргэжлийнх нь ихэнх нь илүүдэлтэйд тооцогдож, ажлын байргүй болсныг эцэг эх, багш, сурагч аль аль нь  анзаарахгүй сонгосоор л, сургууль нь элсэлтээ авсаар л байна. Ингээд бодохоор манайхан дээр доор, хаана хаанаа бодолцож мэргэжил сонголт гэдгийг эргэж нэг хармаар санагдана.   
Бас нэгэн жишээ. Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Багшийн сургуулийн 22-р ангийн 22 оюутнаас авсан судалгааны мэргэжлээ хэрхэн сонгосон бэ гэсэн асуултанд 11 оюутан эцэг эхийн зөвлөснөөр, 9 нь өөрийн хүсэлтээр, 3 нь шалгалтын оноо хүрсэн болохоор гэж хариулсан байна. Эдгээр бичил судалгаанаас харахад хүүхэд ирээдүйн мэргэжлээ сонгоход өөрийн сонирхлоос илүүтэйгээр гэр бүл, эцэг эх нь ихээхэн оролцдог, мөн шалгалтын онооноос хамаардаг болох нь ажиглагдаж байгаа юм.
Үүнээс гадна өмнөх судалгаанд сонгогдсон мэргэжлүүд яг хөрсөн дээрээ манай улсын хувьд, багш, тэр дундаа бага ангийн багшийн мэргэжлийг эс тооцвол илүүдэлтэй мэргэжилд тооцогдож байгаа юм. Бас нэг асуудал нь хүүхдүүд ихэвчлэн сонгоод, сонгох гээд байгаа эдгээр хэдхэн мэргэжлээ хэт ерөнхий мэдэхээс биш яг ямар чиглэлийн эмч, ямар инженер гэдгээ тодорхой мэдэхгүй байгаа нь анзаарагдаж байна.
Энэ нь өнөөдөр манайхны дээд мэргэжлийг илүүд үзэж, тахин шүтэж, дээд мэргэжлийн дипломтой л болж байвал цаашаа хэрхэх нь хамаагүй мэт ташаа ойлголттой холбоотой юм. Түүнээс гадна ажил, мэргэжлийн талаар эцэг эх, багш, сурагчид аль аль нь мэдлэг хомс, сургуульд нь энэ чиглэлээр мэдээлэл олгох цаг ч байдаггүйгээс бас шалтгаалж байна.
Ер нь хүүхдийн мэргэжил сонголтонд төр, нийгэм аль ч талаасаа тэр бүр анхаардаггүйн илрэл нь энэ чиглэлээр хийсэн судалгаа, тодорхой тоо, баримт ховор байдгаас хүртэл харагдаж байна. Нэлээд эрж хайсны эцэст Баянгол дүүргийн 28-р сургуулийн багш Эрдэнэбямбын “ЕБС-ийн ахлах ангийнханд мэргэжлийн чиг баримжаа олгох зарим асуудлууд” сэдэвт магистрын ажилдаа ашиглах гэж авсан жижиг судалгааны хэсгээс олсон юм. Тэрбээр тус судалгаадаа Монгени цогцолбор болон Баянгол дүүргийн 28-р сургуулийн 11-р ангийн 60 сурагч, 40 багш, эцэг эхийн төлөөлөл 18 хүнийг хамруулсан байна.
Уг судалгааны мэргэжлийн талаарх мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ? гэсэн асуултанд хэвлэл мэдээллийн хэрэгслээс Монгени 40 хувь, 28-р сургууль 30 хувь, их дээд сургуулийн танилцуулга, боловсролын үзэсгэлэн яармаг, Боловсрол соёлын газраас гэсэн нь нийт хүүхдийн 17-30 хувь нь, Хөдөлмөрийн төв бирж болон бусад гэдэг нь 10 орчим хувь байжээ. Судалгаанд хамрагдсан хоёр сургуулийн 60 сурагчийн мэргэжил сонголтыг харахад мөн л бараг 100 хувь дээд мэргэжлийг сонгосон байлаа.
Гэтэл манай улсад 90 гаруй их, дээд сургуулийг жилдээ 30 гаруй мянган оюутан төгсөж, тэдний гуравны нэг нь л 4-6 жил сурч эзэмшсэн мэргэжлээрээ ажилладаг гэсэн тоог Монголын Оюутны Холбоо /МОХ/-оос гарсан байна. Харин 71 Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв /МСҮТ/-ийг жилд 40 орчим мянган оюутан төгсөж, тэдний 80 хувь нь мэргэжлээрээ ажиллаж, 20 хувь нь дэвшин суралцаж байна.
Тэгвэл Мэргэжлийн боловсрол, сургалт /МБС/-ын талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг тодруулах зорилгоор Монголын Мянганы сорилын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн хүрээнд 2010 оны 4 дүгээр сараас 7 дугаар сарын хооронд Үндэсний хэмжээний судалгааг хийжээ. Судалгаа нь МБС-ын талаарх олон нийтийн ойлголт, хандлагад тус төсөл хэрэгжих хугацаанд ямар өөрчлөлт гарах вэ гэдгийг тодруулах зорилготой байсан. Судалгаанд Улаанбаатар хот болон 12 аймгийн нутаг дэвсгэрт амьдарч буй, тус бүр нэг өрх төлөөлсөн 2500 иргэнтэй ганцаарчилсан ярилцлага хийсэн байна.
Судалгааны хариунаас харахад Мэргэжлийн боловсрол сургалт /МБС/-ыг сонирхох сонирхлын хувьд муу биш байсан ч сургалтын чанар муу, төгсөөд ажил олдохгүй гэсэн хандлага түгээмэл байлаа. Түүнчлэн МБС-ын байгууллагыг төгсөөд амьжиргаа нь сайжирсан, өндөр цалинтай ажилд орсон тухай мэдээллүүд, ямар мэргэжлүүд өндөр эрэлттэй байгааг статистик тоон үзүүлэлтээр хүмүүст хүргэх хэрэгтэй байна гэх мэт ерөнхий дүгнэлтэнд хүрчээ. 
Хэзээнээсээ л эдийн засгийн их хөшүүрэг болж, эх орны бүтээн байгуулалтыг босголцож ирсэн МСҮТ гэх энэ их мэдлэг чадварын уурхайг эцэг эх, багш, сурагчийн хэн ч олж хардаггүй, нэрлэж заншсанаараа нөгөө л Техник мэргэжлийн сургууль /ТМС/ гэсэн байдлаар хэт үнэлэмжгүй хандаж байгаа нь харамсалтай. Харин хүүхдүүд нь элсэлтийн ерөнхий шалгалт өгөөд азаар ч бай, чадлаараа ч бай аль нэг их дээд сургуулийн оноонд дүйж л байвал өөрийн дур сонирхол, зан байдал, боломжийг үл харгалзан “нүдээ аниад” л сонгодог. Энэ маш буруу.
Мэргэжил сонголт гэдэг таны амьдралын хамгийн чухал үе. Өнөөдөр Таны зөв сонгосон мэргэжил насан туршийн тань баталгаа болох учраас мэргэжил сонголт гэдгийг нэг ёсондоо шинжлэх ухааны ухагдахуун гэж хэлж болох юм. Тиймээс мэргэжил сонголтыг хэн нэгний зөвлөснөөр, тухайн үеийн сэтгэл хөдлөл, эсвэл ёндоогоор сонгодог зүйл огтхон ч биш. Тодорхой дараалал, алхамууд байх хэрэгтэй гэдгийг Монгол Улсын Хөдөлмөрийн төв биржийн Төлөвлөлт, хөгжил, сургалтын албаны мэргэжилтэн Ш.Сосорбарам хэлж байна. Түүний зөвлөж буйгаар та мэргэжлээ сонгохдоо тодорхой алхмаар явах хэрэгтэй гэнэ.
Нэгдүгээрт; Би хэн бэ? гэдгээ мэдэх буюу өөрийгөө таних, зан байдлаа тодорхойлох алхам юм. Би ямар зан ааштай юм бэ, миний сонирхол юу билээ, юу хүсэж мөрөөдөж, юу хийж чаддаг билээ? Би ер нь хэн бэ гэдгээ мэдэж, өөрийгөө үнэлэх байдаг. Ер нь хүнийг зан байдлынх нь хувьд дөрвөн төрөлд хуваадаг бөгөөд энэ нь өөрийгөө таних, улмаар мэргэжил сонголтонд ч ихээхэн нөлөөлдөг байна.
1.      Холерик темперамент – Шаралхуу зан байдалтай бөгөөд удирдах, манлайлах ажил хийвэл илүү амжилтанд хүрдэг.
2.      Сангвиник темперамент – Сэргэлэн зан байдалтай бөгөөд шинийг санаачлах ажилд илүү үр дүнтэй. 
3.      Флегматик темперамент – Тайван бөгөөд хэрэгжүүлэх, гүйцэтгэлийн ажлыг маш сайн хийдэг.
4.      Меланхолик темперамент – Эмзэг зан байдалтай хэрнээ хяналтын ажилд маш найдвартай хүмүүс байдаг гэнэ.  
Хоёрдугаарт; зан байдлаа тодорхойлсны дараа өөртөө ямар мэргэжил тохирох вэ? гэдгээ бодож, миний сонгох мэргэжил нийгэмд эрэлттэй байна уу, илүүдэлтэй байна уу гэдгийг мэдэх, мөн энэ мэргэжлээр хэдэн жил сураад хаана, ямар нөхцөлд хэдий хэмжээний цалинтай ажиллаж болох вэ гэх мэтийг маш сайн бодож үзсэний эцэст шийдэлд хүрээд, өмнөө зорилго тавих. Дараа нь тэр зорилгодоо хүрэх чадварыг эзэмших нь чухал юм байна.
Энэ мэтээр мэргэжил сонголтоо эртнээс төлөвлөхгүйгээр, өөрийн хүсээгүй мэргэжлийг бусдын хэлснээр, эсвэл тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр сонгосноор багагүй асуудалтай тулгардаг. Жишээлбэл, элсэж орсон сургуульдаа сурах сонирхолгүй болж дундаас нь орхих, цаг хугацаа болон эдийн засгийн алдагдалд орох, ямар нэг аргаар төгсөөд ажлын байранд очих гэтэл тухайн ажлын байр олдохгүй, олдлоо гэхэд өөрөө ажиллах сонирхолгүй болох зэрэг асуудлууд гардаг. Ингээд л ажилгүйчүүдийн эгнээнд шилжинэ гэсэн үг.  Гэтэл тэр сонгосон сургуулиас нь илүү боломжтой, төгсөөд ажлын байртай, цалин өндөртэй, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлээр чадвартай, мэргэжилтэй ажилтан бэлтгэн гаргадаг 70 гаруй МСҮТ, коллеж байна. Бүр сар бүр тэтгэлэг өгч, цалинтай сургаж байна. Ажил олгогчид мэргэжилтнүүдээ тэнд захиалж, ажиллаж байгаа ажилтнуудаа мөн л тэнд дахин сургалтанд хамруулж байна. 
Харин ажил хайгчид хий дэмий дээд боловсрол горилож, МСҮТ бол санхүүгийн боломж дутмаг, эсвэл сурлага тааруу хүүхдийн сонгодог сургууль гэсэн сөрөг ойлголтоо гээхгүй байна. Монгол залуус бүгд үзэг барьж, компьютерийн дэлгэц ширтэн, шилэн цонхны цаана донжирч сууна гэвэл хэн нь хүрз барьж, цахилгааны утас нийлүүлж, бидний тохь тухтай суух орон сууцыг барьж, халуун дулаан, цэвэр бохирыг шийдэх юм бэ? Ажил мэргэжлийн талаарх газар тэнгэр дэх энэ их зөрүүг хэн, хэзээ, яаж өөрчлөх вэ?
Мэргэжил сонголтыг алсаас харж, холч ухаанаар тунгаагаасай гэж дээр, дор суух хэн бүхнээс хүсэх байна.
Нийтлэлийнхээ төгсгөлд 2012 онд МУ-ын Засгийн газраас холбогдох яам, агентлаг, газруудаараа дамжуулан судалгаа авахад сүүлийн 4 жилдээ эрэлт ихтэй 20 мэргэжлийг тодорхойлсныг хүргэж байна.

1. Aвтo замын барилга
2. Бага ангийн багш
3. Сургуулийн өмнөх боловсролын багш
4. Байгалийн ухааны чиглэлийн багш
5. Геологи
6. Гидрогеологи
7.Тидромеханик инженер
8. Усны нөөц эк
ологи
9. Уул уурхайн ашиглалтын технологи
10. Уул уурхайн машин, тоног төхөөрөмж
11. Малын эмч
12. Мэдээллийн систем
13. Газрын тосны хадгалалт, тээвэрлэлт
14. Сантехник, инженерийн байгууламж
15. Сэргээгдэх эрчим хүч
16. Нано инженерчлэл
17. Биотехнологи
18. Цөмийн эрчим хүч
19. Оношзүй
20. Эмнэлзүйн шинжлэх ухаан судлал

0 comments:

Post a Comment

Share