Monday, June 10, 2013

Аливаа мэдлэг чадварыг орчинд нь эзэмшинэ гэдэг


Мэргэжилтэй бас ур чадвартай ажилтан гэх нэршилд манайхны чихний бөглөөс гарч, одоо нэгэнт хоногшчээ. Энэ нэр монголчуудын хэзээний танил болсон Мянганы сорилтын сантай салшгүй холбоотой. 
Эх орондоо их бүтээн байгуулалтыг босголцож, эдийн засгийн их хөшүүргийг бий болгох, хөдөлмөрийн зах зээл дээрх хамгийн эрэлттэй мэргэжлийг олж харан, суралцаж мэргэжилтэй, ур чадвартай ажилтан болох замыг эргэлт буцалтгүйгээр сонгох залуус олширсоор байна. Энэ нь Мэргэжлийн боловсрол, сургалт /МБС/-ын салбар шинэчлэгдэн хөгжиж байгаагийн тод илрэл болж байна.

Ур чадвартай, мэргэжилтэй ажилтан бэлтэхийн тулд сургалтын орчинг бүрдүүлэх нь нэн чухал. Хориод жил дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүй, анхаарлын гадна тарчигхан “амьдарч” байсан МБС-ын салбар өнөөдөр сургалтын шинэ тоног төхөөрөмж, дадлагын лабораторитай болсноор чанартай, чадварлаг ажилтнуудыг хөдөлмөрийн зах зээлд “нийлүүлэх” бүрэн боломжтой болоод байна.
АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн санхүүжилтээр ММСС-ийн МБС-ын төслийн хүрээнд 47 сая гаруй долларын хөрөнгө оруулалтыг МБС-ын салбарын нэлээд олон чиглэлд хийсэн. Төслийн нэг үндсэн чиглэл нь сургалтын орчныг сайжруулах бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нийт төсвийн 60 шахам хувь буюу 26 орчим сая долларын хөрөнгө оруулалтыг хийгээд байна.

Монгол улсад мэргэжилтэй ажилтан бэлтгэн гаргадаг 70 гаруй сургалтын байгууллага бий. Харин ММСС-ийн төсөлд говь, хангай, баруун, зүүн болон төвийн бүсийн нийт 14 аймгийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-өөс гадна Улаанбаатарын бүсийн есөн сургууль, Сэргээн засалт, хөгжлийн Үндэсний төв гээд МБС-ын салбарын нийт 24 байгууллагыг хамруулсан. Эдгээр сургалтын байгууллагуудыг холбогдох мэргэжлийн яам, агентлагууд, ажил олгогч түнш байгууллагууд, холбоодоос ажлын хэсэг байгуулж, сургалтын байгууллагуудад үнэлгээ хийсний үндсэн дээр сонгосон юм.                                               
Улмаар сонгогдсон сургуулиудаас эрүүл мэнд /ЭМШУИС-ийн Эрүүл мэндийн технологийн сургууль/, уул уурхай /Говьсүмбэр аймгийн Политехник коллеж /, барилга /Техник технологийн дээд сургууль/ гэсэн тэргүүлэх гурван чиглэлийн сургуулийг сонгож жишиг байдлаар хөгжүүлэн, сургалтынх нь орчныг сайжруулаад байгаа. Тодорхой шалгуурын дагуу сонгосон 15 сургуульд тэргүүлэх зургаан мэргэжлээр тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах болон холбогдох сургалтуудыг зохион байгуулсан.
Түүнчлэн тэдгээр тоног төхөөрөмжийг суурилуулах анги танхим, лаборатори, дадлагын байрыг шинээр барих ажлыг мөн гүйцэтгээд байгаа. Үүнээс гадна таван сургуульд техникийн суурь мэдлэг олгох лабораторийн тоног төхөөрөмжийг нийлүүлэхийн зэрэгцээ нийт 10 сургууль буюу Мэдээлэл арга зүйн Үндэсний төв, зургаан Бүсийн арга зүйн төв болон жишиг гурван сургуулийг орчин үеийн мэдээлэл харилцаа холбооны мультимедиа тоног төхөөрөмжөөр хангасан. Ингэж сургалтын материаллаг орчныг сайжруулах төсөлд хамрагдсан 24 сургалтын байгууллага тус бүр өөр өөрийн сургалтын чиглэлийн дагуу /цахилгаан электроник, сантехник, гагнуур, токарь, халаалт хөргөлт, хүнд машин механизмын оператор болон уул уурхай, барилга, эрүүл мэндийн салбарын мэргэжлүүдээр гэх мэт/ дадлагын байр, техникийн суурь чадамжийн лаборатори, заах арга зүйн орчин үеийн тоног төхөөрөмж, мультимедиа, дуу, дүрс бичлэгийн бүрэн тоноглогдсон анги танхимуудтай болжээ. 
Тухайлбал; Говьсүмбэр аймаг дахь МСҮТ-д хамгийн их буюу 3 тэрбум 632 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийснээс дурдвал;
-        Найман мэргэжлийн дадлагын өрөө, багшийн өрөө, агуулах бүхий 1000 м2 талбайтай дадлагын байрыг шинээр барьсан. 
-        Уул уурхай ба техникийн суурь чадамжийн дадлагын 8 газар сургалтын иж бүрэн тоног төхөөрөмжийг багаж хэрэгслийн хамт,
-        Дадлагын найман багшид зориулсан мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, багшийн өрөөний тавилга, суралцагчдын ширээ, сандал нийлүүлсэн.
-        Сургалтын мультимедиа лаборатори, видео хурлын танхим, дуу болон дүрс бичлэгийн студи бүхий иж бүрэн дөрвөн танхимыг тус тус байгуулсан байна.

Сургалтын орчныг сайжруулах төслийн үйл ажиллагааны бас нэг онцлог нь МБС-ын салбарын хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг марталгүй анхаарч, Сэргээн засалт, хөгжлийн Үндэсний төвд 167 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад зориулан оёдол, компьютерийн иж бүрэн лаборатори болон багш хөгжлийн төвийг байгуулсан явдал байлаа.
Төслийн зорилтот сургуулиудын нэг болох Үйлдвэрлэл урлалын Политехник коллежийн захирал Ж.Юра төсөлд хамрагдах сургалтын байгууллагуудыг сонгох ажлын хэсэгт ажиллаж байсан, мөн төслийн үр шим хүртэгчийн хувьд хэлэхдээ;  “Энд бий болсон сургалтын бүх нөөц нь манай улсад нэн хэрэгтэй байгаа өндөр технологитой үйлдвэрлэл, үйлчилгээний газрын цахилгаанжсан, механикжсан, электроникжсон нарийн техник дээр техникийн дунд түвшний ажлын байрны хэрэгцээг хангах чадамжийг эзэмшүүлэхэд зориулагдах юм. Түүнчлэн энэ мультимедиа сургалтын орчин болон хүний нөөц нь орчин үеийн сургалтын хэрэглэгдэхүүнийг бэлтгэх хэмжээний иж бүрэн шийдэлтэйгээр ашиглалтанд орлоо. ММСС-аас МБС-ын салбарт бодит хөрөнгө оруулалтаас гадна оюуны маш их хөрөнгө оруулалт хийснийг үнэлж байршгүй юм шүү” гэлээ. 
Ер нь төгсөгчдийнх чанараар амжилт нь тодорхойлогддог нь аль ч сургалтын байгууллагын жам бөгөөд тэдэнд ихэвчлэн ажил олгогчид “дүн тавина”. Тэр дүнгээр хэр чанартай “бүтээгдэхүүн” үйлдвэрлэж буй нь, цаашлаад тэр сургуулийн нэр төр, цаашид хэр удаан оршин тогтнох суурь баганатай юм бэ гэдэг нь бас илэрхийлэгдэнэ. Энэ нь тухайн сургалтын байгууллагын хүний нөөц буюу сургагч багш, сургалтын орчин нөхцлөөс ихээхэн хамааралтай байдаг.
Тэгвэл ММСС-ийн МБС-ын төсөл нь сургалтын хамгийн орчин үеийн техник, тоног төхөөрөмж, технологийг Монголын МБС-ын салбарт нэвтрүүлж байгаараа онцлог давуу талтай юм. Жишээлбэл; Барилга, уул уурхайн чиглэлд хүнд машин механизмын операторын симулятор буюу катерпилларийн сургалтын скреперийн симуляторыг сургалтанд ашиглаж байна. Дадлагын дууриамал орчин хэмээн нэрлэж болохуйц энэхүү төхөөрөмж нь суралцагчдад бодит машин механизм жолоодож буй мэт сэтгэгдэл төрүүлэх бөгөөд дадлагын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий орчин юм. Тус төхөөрөмжийг сургалтанд долоо хоногт 40 цаг ашиглалаа гэж тооцвол Скрепер машиныг дадлагад ашигласнаас 1820-2040 литр түлш буюу 3.276.000- 3.672.000 төгрөгийн хэмнэлт гарна гэсэн үг юм. Мөн ном, хэвлэмэл материалыг тоон хэлбэрт оруулдаг скайнер роботыг бас сургалтанд нэвтрүүлжээ. Энэхүү төхөөрөмж нь ном, хэвлэмэл материалын нимгэн, зузаанаас үл хамааран, хүний оролцоогүйгээр хуудсыг эргүүлж, наалт болон үдээсийг салгахгүйгээр цагт 2500 хуудсыг өндөр нарийвчлалтайгаар хувилан хэвлэх хүчин чадалтай юм. Уг төхөөрөмжийг мөн төслийн хүрээнд санаачлан байгуулсан Мэдээлэл арга зүйн Үндэсний төв /МАЗҮТ/-д одоо ашиглаж байна. 
Саалиа бэлдэхээр саваа бэлд гэгчээр энэ мэт өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр сурах орчноо шинэчлэн хөгжүүлж, Олон улсын жишигт нийцүүлэн бүрдүүлсэн нөхцөлд сургалтын чанарт эерэг өөрчлөлт гарах нь мэдээж хэрэг юм. Аливаа мэдлэг чадварыг орчинд нь эзэмшинэ гэдэг хэн бүхний хувьд давуу тал болдог. Энэ давуу тал нь суралцагч сургуулиа төгсөөд ажлын байранд гарах үед тодоос тод харагдах ёстой. Өнөөдөр хөдөлмөрийн зах зээлд чанартай, чадварлаг мэргэжилтэй ажилтан ихээхэн үгүйлэгдэж, ажил олгогчид  ажилтнаа захиалдаг болж байна.
 Хэдийгээр ажил олгогч, сургалтын байгууллага хоёр нэг зоосны хоёр тал ч гэлээ харилцан бие биедээ хяналт тавьж, асуудлаа ч тэгш оролцоотой ярилцаж хоршин ажиллаж гэмээ нь эрэлтэд нийцсэн ур чадвартай ажилтнуудыг бэлтгэж чадна. Харин үүнийг МБС-ын салбар ММСС-ийн тусламж, дэмжлэгтэйгээр мэдэрч чадсан. Тиймээс МБС-ын байгууллагын төгсөгчид өнөөдөр сургалтын шинэ орчин нөхцөлд суралцаж, суралцах хугацаандаа тодорхой хэмжээгээр дадлагажиж чадаж байгаа учраас ажлын талбарт гарахад ямар нэгэн хүндрэл бэрхшээлтэй учрахгүйгээр, нөгөө “соёлын шок” гэгчид орохгүйгээр сурсан мэдсэнээ улам батжуулан чадваржиж ажил олгогчдын талархлыг хүлээж чадаж байна. Ингэснээр МБС-ын салбар боловсролын болон хөдөлмөрийн байгууллагын бүрэн эрхтэй гишүүн байх боломжоор бүрэн хангагдлаа.
Монголын төр хэрэгтэй үедээ “нүдээ олсон” шийдвэрийг гаргаж чаддагийн баталгаа нь АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн сонгогдох шалгуур өндөртэй төсөлд багтаж чадсан явдал юм.  Аливаа улс хөгжлийнхөө бүхий л үеийн турш оюуны болон материаллаг баялаг бүтээгчдийн нуруун дээр амьдардаг жирийн үнэний нотолгоог сүүлийн хэдхэн жилийн дотор төслийн үр шимийг хүртэгчид, тэр ч бүү хэл монголчууд ухаарч байна.

0 comments:

Post a Comment

Share