Friday, August 30, 2013

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН САЛБАРЫН ИРЭЭДҮЙ...



Р.БАТ-ЭРДЭНЭ – Монгол дахь Америк Их Сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүн:
Өнөөдөр хэнд ч бай мэдлэг ур чадвараа тасралтгүй сэргээж, хөгжүүлж байх амьдралын шаардлага байна шүү дээ. Энд мэргэжлийн боловсролын үүрэг их бий. Тиймээс мэргэжлийн боловсрол, сургалт /МБС/-ын байгууллагууд бүх насны хүнд үйлчилдэг байх, түүнчлэн салбар салбарын өвөрмөц хэрэгцээг хангах чадвартай, олон төрлийн маш уян хатан хөтөлбөртэй, бүх хүнд үйлчилдэг насан туршийн боловсролын тогтолцоо байнаа гэж харж байна.

Г.ЭНХБАТ - Монгол Улсын Уул уурхайн жишиг сургууль – Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн Захирал: 
            Монгол хүний мэргэжлийн ур чадварын үнэлэмж дэлхийн түвшинд хүрч, Монголд орж ирж буй өндөр технологиудыг шууд авч, гардан хэрэгжүүлж ажиллах чадвартай техникийн болон мэргэжлийн ажилтныг бэлтгэх боломжийг бүрэн хангана гэдэгт итгэлтэй байна.

Х.ГАНБААТАР – МБСҮЗ-ийн  Дэд дарга, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал:   
Хөдөлмөрийн зах зээл буюу ажил олгогчид хэрэгцээтэй байгаа ур чадвартай ажилтнаа МБС-ын байгууллагуудад сургадаг, суралцагч нь төгсөөд шууд ажлын байрандаа очдог ажил олгогч, сургалтын байгууллага, суралцагч гурвын хамтын ажиллагааны төв талбар болох ёстой. Ингэж чадвал улс орныхоо эдийн засгийн өсөлтийг бий болгож, ядуурлыг бууруулж, “Ажилтай орлоготой Монгол хүн”  гэх Засгийн газрын зорилтуудыг хэрэгжүүлэх гол түлхүүр салбар бол энэ салбар. Ойрын таван жил бол мэргэжилтэй ажилтан хамгийн их шаардлагатай, бас Монгол улсын эдийн засгийн жинхэнэ өсөлтийн үе. Тиймээс МБС-ын салбарын ирээдүй бол хөдөлмөрийн зах зээлийн амьд уялдаа холбоог бий болгох л асуудал. Ер нь мэргэжилтэй ажилтан бэлтгэх, хувийн хэвшлийг эдийн засгийн үр ашигтай, байнгын тогтмол ажилтай байлгах үндсэн гол механизм бол МБС-ын байгууллага.

С.САНДМАА - Дорнод аймаг дахь Политехник коллеж, Зүүн бүсийн Аргазүйн төвийн Менежер:
Улсын хэмжээн дэх МБС-ын байгууллага зургаан бүсийн аргазүйн төвөөрөө дамжуулж, багшийн ажлыг хөнгөвчилсөн мультимедиа тоног төхөөрөмжийг ашиглан сургалтын хөтөлбөр агуулгат улсын хэмжээнд шинэчлэл хийнэ гэж бодож байна. Орон зайнаас үл хамаарсан сургалтын цахим орчин бий болж багшийн ажил хөнгөрнө, дэлхийд өрсөлдөх чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэгдэнэ. Ер нь Бүсийн аргазүйн төвүүд маань Мэдээлэл аргазүйн үндэсний төвөөрөө дамжуулан сургалтын хөтөлбөрт үнэлгээ хийх, зөвлөх үйл ажиллагааг гололсон байгууллага болж чадна.

Я.САНЖМЯТАВ – Хөдөлмөрийн сайд:
Монголын Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага дэлхийн жижигт хүрэх арай болоогүй байна. Гэхдээ бид үндсэн ажлаа хийж чадсан. Тухайлбал бид элсэлт аваад төгсгөчихдөг, төгсөгч нь ажлын байраар хангагддаггүй байсан бол өнөөдөр элсэлтээ эрэлт хэрэгцээнд тулгуурлан сонгож аваад төгсөхөд нь ажлын байртай болох бололцоог нь бүрдүүлж чадсан. Сургалтын тухайд 70-80 хувьд нь онолтой 20-30 хувьд нь дадлагатай байсан бол өнөөдөр дадлага нь 70-80 хувь, онол нь 20-30 хувь болж өөрчлөгдлөө. Тиймээс мэргэжилтэй ажилтан бэлтгэх тогтолцоонд ч үр дүн гарсан. Харин бусад орны жишигт хүрэхийн тулд ихээхэн хөөрөнгө оруулалт хэрэгтэй, хүний нөөцөө илүү чадавхжуулах ажлууд ч байна. Суурь нь бол зөв тавигдчихсан. 

Б.МИШИГЖАВ – МБС-ын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Ахлах мэргэжилтэн:
МБС-ын салбарын ирээдүй бол их гэгээтэй байгаа. ММСС-ийн МБС-ын төслөөс Монгол улсын МБС-ыг үйлдвэрийн эрэлтээр нь хөтлүүлдэг болгохын төлөө, хөдөлмөрийн зах зээлтэй нийцүүлэхийн төлөө, мэргэжил эзэмших гэж буй иргэн тухайн мэргэжлээ өөрийн хүссэнээр сонгоод, өндөр ур чадвар эзэмшээд, сурч байхдаа ажлын байртайгаа холбогдох, ажил олгогчтойгоо дадлагаа хийх, төгсөөд шууд ажлын байрандаа очиход чиглэсэн тогтолцоо үр ашигтай гэдгийг харууллаа. Эцсийн дүнд эрэлтээ зөв тодорхойлсон, сургалтаараа  ур чадвар олгосон, сурах болоод төгсөх явцад нь төгсөгчөө ажлын байртай холбож чаддаг, амьдралд нийцсэн энэ тогтолцоо бол энэ салбарын ирээдүй гэж хэлж болно.  Дүгнэж хэлэхэд Монгол улс баялаг бүтээдэг мэргэжилтэй ажилтнаа өөрсдөө бэлтгэдэг, улсаа хөгжүүлэх бүтээн байгуулалтыг монголчууд өөрсдөө хийдэг, шийддэг тийм л ирээдүй биднийг хүлээж байна даа.

Ш.АМГАЛАНБАЯР – Говь-Алтай аймгийн Засаг дарга
Зах зээлд шилжсэнээс хойш хуучин Техник мэргэжлийн сургууль /ТМС/ нэртэй байсан энэ сургууль сургалт нь үр өгөөж багатай, төгсөгчид нь ажиллах боломж хомсхон байлаа шүү дээ. Одоо суралцагчид ажлын байрны захиалга авч байна. Энэ бол шинэ технологи эзэмшиж, Монгол орон хөгжхийн гол үндэс болж байна гэж бодож байна. МБС-ын салбар чадвахжиж байгаа нь энэ эрэлттэй нийлж байгаа нь энэ цагийн, энэ салбарын онцлог. Ер нь улс орны хөнжил дэд бүтцийн хөгжлөөс шалтгаалдаг, тэр дэд бүтцийг хүн, тэр дундаа мэргэжилтэй ажилтан бий болгодог учраас энэ салбарын хөгжлийн зам дардан байна.

М.ГАНЗОРИГ – “Эрдэнэт хивс” ХХК-ийн Хүний нөөцийн бодлогын хэлтсийн дарга
МБС-ын салбарын хөгжил шинэ түвшинд гарч байна. Энд ММСС-ийн МБС-ын төслийн үүрэг их байлаа. Эндээс харахад МБС-ын салбар Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд их ойрхон болж байна. Бид энэ салбарын түншлэгч байгууллагын хувьд мэргэжилтэй ажилтан бэлтгэх ажилд идэвх санаачлагатай оролцож, тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулж байна.  Энэ маань ирээдүйд илүү өндөр түвшинд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, Монгол улсынхаа нэрийг Олон улсад гаргах зорилгын маань бас нэг чухал алхам. Монголын хөнгөн үйлвэрлэлийн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд нийлүүлэгдэх шат ахиж байгааг харж байна.  Цаашид бид хамтын ажиллагаагаа улам нягтруулна.

0 comments:

Post a Comment

Share