Monday, March 4, 2013

Х.ОТГОНГЭРЭЛ: САЛБАРЫН ХЭМЖЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛИЙГ НЭВТРҮҮЛЖ, АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ӨӨРЧЛӨЛТӨӨС ГАРАХ ҮР ӨГӨӨЖИЙН ТАЛААРХ ОЛОН НИЙТИЙН ОЙЛГОЛТ САЙН БАЙХ НЬ ЧУХАЛ

АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацийн санхүүжилтээр Монголын Мянганы Сорилтын Сангийн хүрээнд өнөөдөр зургаан төсөл амжилттай хэрэгжиж байгаагийн нэг нь Мэргэжлийн Боловсрол, Сургалтын Төсөл юм. Энэхүү төслийн хүрээнд Мэргэжлийн Боловсрол, Сургалт (МБС)-ын салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахад чиглэсэн цогц үйл ажиллагааг 2008 оноос эхлэн хэрэгжүүлж,  үр дүн нь ч бодитоор харагдаж байгаа билээ. Төслийн үр дүнг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, түүнчлэн МБС-ын талаарх олон нийтийн ойлголт, үнэлэмжийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй мэдээлэл, сурталчилгааны үйл ажиллагааны  талаар төслийн Олон Нийттэй Харилцах мэргэжилтэн Х.Отгонгэрэлтэй уулзаж, мэдээлэл авснаа толилуулж байна.


МБС-ын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах шаардлага байгааг анх хэрхэн тогтоосон вэ?
ММСС-ийн хүрээнд хэрэгжиж буй Мэргэжлийн Боловсрол, Сургалтын Төсөл нь МБС-ын салбарыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд суурилсан шинэ тогтолцоо болгон хөгжүүлэхэд чиглэсэн цогц үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Энэхүү салбарын хэмжээний шинэчлэлийг нэвтрүүлж, үр дүнтэйгээр хөрсөн дээр буулгахад тухайн өөрчлөлтөөс гарах үр өгөөжийн талаар салбарын мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид төдийгүй олон нийт ч мөн адил сайн ойлголттой байх нь чухал байсан юм. Тийм ч учраас анх 2009 онд олон нийтэд хандсан мэдээлэл суралчилгааны туршилтын гурван сарын аянг зохион байгуулж, төслөөс гарах үр өгөөжийг таниулан сурталчлахын зэрэгцээ, ур чадвартай, мэргэжилтэй ажилтан хөдөлмөрийн зах зээлд ямар их эрэлт хэрэгцээтэй байдаг талаар сурталчилсан хэд хэдэн ТВ-ийн бүтээгдэхүүн, хэвлэлийн материал боловсруулж олны хүртээл болгосон. Энэхүү аяны үр дүнг хэмжих зорилгоор хийсэн санал асуулгаас харахад оролцогчдын 80 орчим хувь нь ийм төрлийн мэдээлэл сурталчилгааны үйл ажиллагаа үр дүнтэй байсан хэмээн дүгнэж, цаашид тогтмол зохион байгуулж, илүү өргөн хүрээг хамрах хэрэгтэй гэсэн дүгнэлт гарсан юм.
Улмаар 2010 оноос эхлэн олон нийтэд хандсан мэдээлэл сурталчилгааны хөтөлбөрийг төслөөс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд ингэхдээ энэхүү үйл ажиллагааг илүү оновчтой, үр дүнтэй зохион байгуулах үүднээс МБС-ын талаарх олон нийтийн ойлголт, хандлагын тухай үндэсний хэмжээний суурь судалгааг 2010 онд хийж гүйцэтгэсэн. Суурь судалгаанд Улаанбаатар хот болон 12 аймгийн нийт 2500 иргэнтэй ганцаарчилсан ярилцлага хийх замаар МБС-ын талаарх олон нийтийн ойлголт, хандлагын тухайн үеийн төвшинг тогтоосон юм. Судалгаанд хамрагдагсдын 54 хувь нь мэргэжлийн сургалтын талаарх мэдээлэл хангалтгүй гэж үзсэний зэрэгцээ МБС-ын талаарх олон нийтийн ерөнхий үнэлэмж доогуур байгаа нь тогтоогдсон. Иймээс эдгээр болон бусад дүгнэлтүүдэд суурилан мэдээлэл сурталчилгааны үйл ажиллагаагаа төлөвлөж, зорилтот бүлгүүдээ оновчтой сонгох шаардлага гарсан юм.
Тэгэхээр тэр суурь судалгаан дээрээ үндэслэн мэдээлэл сурталчилгааны ямар үйл ажиллагааг өнөөг хүртэл хэрэгжүүлээд байна вэ?
Олон нийтэд хандсан мэдээлэл сурталчилгааны ажлаа бид МБС-ын тухай ойлголт мэдээллийг сайжруулах, эерэг үнэлэмжийг дээшлүүлэх ерөнхий зорилгын хүрээнд анхдагч болон хоёрдогч зорилтот бүлгүүдэд хандан хэрэгжүүлж байна. Үйл ажиллагааны дийлэнх хэсгийг анхдагч зорилтот бүлэг буюу мэргэжлийн сургалтыг сонгох боломжтой залуус, тэдний эцэг эх, Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв (МСҮТ)-ийн оюутнуудад чиглүүлж, харин тодорхой төрлийн мэдээлэл сурталчилгааны ажлыг бодлого боловсруулагчид, ажил олгогчид, сургалтын байгууллагууд буюу хоёрдогч зорилтот бүлэгт хандан гүйцэтгэж байна.

Мэдээлэл сурталчилгааны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн 2010-2011 онд бид МБС-ын салбарт гарч буй өөрчлөлт, шинэчлэлийн талаар олон нийтийн дунд мэдээлэх, ойлголтыг нэмэгдүүлэхэд илүүтэй чиглэсэн агуулгатай бүтээгдэхүүн гаргаж байсан бол 2012 оноос эхлэн МБС-ын үнэлэмжийг дээшлүүлэхэд чиглэсэн үр өгөөж, давуу талуудыг нь илүүтэй харуулахыг зорьж ажилласан. Дээр дурдсан суурь судалгааны зарим үр дүнгээс харахад, мөн мэргэжлийн боловсролыг сонирхохгүй байгаа шалтгааныг тодруулахад 25 хувь нь сургалтын чанар хангалтгүй, 23 хувь нь төгсөөд ажилтай болох боломж бага гэж үзсэн байсан. Энэ мэт мэдээллийн хэрэгцээн дээр суурилан сургалтын чанар, орчин сайжирч байгаа талаар мөн ажлын талбарт гараад амжилттай ажиллаж, бусдад үлгэр дууриал болж буй төгсөгчдийн талаар хөрөг нэвтрүүлгүүд, нийтлэлүүд түлхүү гаргах жишээтэй. Эргээд харахад бид өнгөрсөн хугацаанд МБС-ын үр өгөөж болон ур чадвартай, мэргэжилтэй ажилтнуудыг сурталчилсан ТВ-ийн хөрөг нэвтрүүлэг нийт 17, тус салбарт хууль эрх зүй, бодлогын төвшинд хийгдэж буй  өөрчлөлт шинэчлэлийн талаар мэдээлж, таниулсан 16 ярилцлага нэвтрүүлэг,  40 нийтлэл, 100 гаруй үйл явдлын болон сэдвийн мэдээ бэлтгэн гаргаж олны хүртээл болгосон байна. Түүнчлэн МБС-ыг сурталчилсан,  зорилтот бүлгээс хамаарсан өөр өөр агуулга бүхий богино хэмжээний нийт 17 ТВ шторк, рекламыг хийж цацсан байна.  

Мэдээллийн сувгийн хувьд гэвэл бид аль болох олон нийтэд илүү хүртээмжтэй телевиз, радио, өдөр тутмын сонинг сонгон бүтээгдэхүүнээ байршуулж байна. Телевизийн бүтээгдэхүүнээ Үндэсний хэмжээнд цацагддаг Боловсрол суваг, Стар, UBS сувгуудыг түлхүү ашиглаж олны хүртээл болгож байна. Энэ жилд хийгдэх зарим нэвтрүүлгээ Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз (MNB)-ээр цацах төлөвлөгөөтэй байна. Суурь судалгаанаас гарсан бас нэг дүгнэлт бол мэргэжлийн сургалтын тухай мэдээллийн нэгдүгээр эх сурвалж нь телевиз болон радио (58%), харин удаах нь албан ёсны бус буюу амнаас ам дамжсан яриа (40%) хэмээн тогтоогдсон. Тиймээс бид телевиз, радиог ашиглахаас гадна яг зорилтот бүлгүүддээ хүрч мэдээллийн үйлчилгээ үзүүлсэн шууд сурталчилгааны аргыг мөн ашиглаж байна. Тухайлбал, бид 2010 онд Нээлттэй өдөрлөг зохион байгуулж, 2010-2011 онуудад Хөгжлийн орцхэмээх сургалтын байгууллага, ажил олгогч, оюутан, залуусын хооронд гүүр болсон уламжлалт мэдээллийн яармагийг хоёр удаа хамтран зохион байгуулж олон нийтэд мэдээлэл түгээсэн. Түүнчлэн 2012 оноос Улаанбаатар хотын захын дүүргүүдийн Ерөнхий Боловсролын Сургууль (ЕБС)-ийн сурагчдыг хамруулсан танилцах аялалыг МСҮТ болон тухайн сургуультай хамтран ажилладаг ажил олгогч байгууллагуудад хийж эхлээд байна. Түүнчлэн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад мэргэжил сонголтын тухай лекц унших, мөн мэргэжлээ сонгоогүй байгаа хүүхэд залуусыг МСҮТ-ийн төгсөх ангийн оюутнуудтай танилцуулах цэнгээнт шоу арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд ийм төрлийн арга хэмжээг энэ жил үргэлжлүүлэн хийхээр төлөвлөөд байна.

Өнгөрсөн хугацаанд нэлээд ажлыг амжуулсан харагдаж байна. Тэгэхээр эдгээр үйл ажиллагааныхаа үр дүнг хэрхэн хэмжих вэ?
Төсөл маань хэрэгжилтийнхээ сүүлчийн жилд шилжээд байгаа энэ үед хийж гүйцэтгэсэн бүхий л ажлынхаа үр дүнг хэмжиж, хэр их амжилтанд хүрснээ бодитоор харж, үнэлүүлэх нь тодорхой юм. Мэдээлэл сурталчилгааны ажил, ялангуяа олон нийтийн ойлголт, үнэлэмжийг дээшлүүлэхэд чиглэсэн нийгмийн шинж чанартай таниулан сурталчлах үйл ажиллагааны үр дүнг бодитоор, шууд хэмжинэ гэдэг маш хүндрэлтэй байдаг. Гэсэн хэдий ч төслийн бусад бүх үйл ажиллагааны нэгэн адил урьдчилан тогтоосон хүрэх үр дүнгийн үзүүлэлт буюу индикаторын дагуу хэмжих болно. Үндсэндээ энэ чиглэлээр дараах дөрвөн индикаторыг тогсоосон байгаа. Үүнд;
1.      МБС-ын тухай ерөнхий ойлголт
2.      Мэргэжлийн сургалтын байгууллагын тухай мэдлэг
3.      Мэргэжлийн сургалтын байгууллагын сургалтын чанарыг бусад төвшний сургалтын чанартай харьцуулсан үнэлгээ
4.      Мэргэжлийн сургалтыг сонирхох сонирхол тус тус багтсан байгаа.
Эдгээр үзүүлэлтийн дагуу үр дүнг хэмжихдээ 2010 онд хийсэн МБС-ын талаарх олон нийтийн ойлголт, хандлагын тухай суурь судалгаатай адил судалгааг 2013 онд дахин хийж, улмаар энэ хугацаанд гарсан өөрчлөлтийн өгөгдлийг ашиглах юм.
 
Ярилцлагынхаа төгсгөлд МБС-ын үнэлэмжийг дээшлүүлэхэд чиглэсэн төслийн үйл ажиллагааг хариуцаж ажилласан мэргэжилтний хувьд та цаашид энэ чиглэлээр юунд илүү анхаарах хэрэгтэй гэж дүгнэж байна вэ?

Мэдээлэл сурталчилгааны ажлыг оновчтой төлөвлөж, хэрэгжүүлэхэд МБС-ын салбарт судалгааны ажил маш бага хийгдсэн санагдсан. Тиймээс цаашид энэ чиглэлээр албан ёсны судалгааг чиглэл чиглэлээр тогтмол хийж байх хэрэгтэй болов уу. Нэн ялангуяа, МБС-ын салбарт Олон Улсын хандивлагч байгууллагуудын анхаарал ихээхэн төвлөрч буй өнөө үед хэрэгцээ шаардлага нь байгаа гэдэг нь тогтоогдвол хөрөнгө оруулалтыг зөв зүгт чиглүүлэх боломжтой гэж боддог.

МСҮТ-ийг сонгосон тохиолдолд хөдөлмөрийн зах зээл дээр гараад ямар бодит үр өгөөж гарах талаар сургуулиуд болон ажил олгогчид өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан олон нийтэд илүү мэдээлж, таниулж байх хэрэгтэй санагдсан. Ер нь коммуникацийн /мэдээлэл харилцааны/ ач холбогдлыг бүх салбар, бүх төвшинд ойлгож, хэрэгжүүлж чадвал мэдээллийн хомсдлоос улбаалан нийгэмд үүсдэг сөрөг үр дагавар, буруу хандлагыг эерэг зүгт эргүүлэх боломжтой. Харин хэвлэл мэдээллийн байгууллагууд маань энэ чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нийгэмд үзүүлэх үр өгөөжийг нь харгалзан үзэж, бүтээлчээр илүү хамтран ажиллаасай хэмээн уриалмаар байна.    

Энэ дашрамд хэлэхэд өнгөрсөн хугацаанд ММСС-ийн МБС-ын төслийн мэдээлэл, сурталчилгааны ажлыг гэрээлэн гүйцэтгэсэн  Боловсрол Суваг ТВ, Брэйктрүү ПР-ын компани болон Аригу Медиа ХХК, Стар ТВ-ийн төсөл хариуцсан багт мэргэжлийн өндөр ур чадвар гарган амжилттай ажилласанд талархал илэрхийлье.  

Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. 




0 comments:

Post a Comment

Share