Sunday, March 3, 2013

Бодлогын хамгийн зөв хариу бол бодит өртөг


Зах зээлийн ороо бусгаа цагт “Их хувьчлал” нэрийн дор Монгол улс мэргэжилтэй олон ажилтнаа “гудамжинд гаргасан”.  Үүнээс хойш нэг хэсэгтээ орхигдох шахаж байсан Мэргэжлийн боловсролын салбар өнөөдөр цаг үеийн хэрэгцээ шаардлагаар өөрчлөгдөн өндийж, богинохон хугацаанд урагшилж, алдсан бүхнээ нөхөж авах цаг иржээ.
Манай улсад 90 гаруй их, дээд сургуулийг жилдээ 30 гаруй мянган оюутан төгсөж, тэдний гуравны нэг нь л 4-6 жил сурч эзэмшсэн мэргэжлээрээ ажилладаг гэсэн Монголын Оюутны Холбоо /МОХ/-оос гарсан тоо бий. Гэтэл 71 Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв /МСҮТ/-ийг жилд 40 орчим мянган оюутан төгсөж, 80 хувь нь мэргэжлээрээ ажиллаж, 20 хувь нь дэвшин суралцаж байна. Тиймээс цагаан зах гялалзуулан, тав тухтай өрөөнд ширээ тохойлдон байж, цаасанд буусан бичигт мутар үйлдэж суухаас илүүтэйгээр биетэй бодьтой баялагийг бүтээлцэж, илүү сайхан амьдралын баталгаа болсон эрэлттэй мэргэжлийг сонгох залуусын тоо нэмэгджээ.
Мэргэжлийн боловсрол, сургалт /МБС/-ыг сонгон суралцагчийн тоо хэдий олшрох тутам Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв /МСҮТ/-ийн сургалтын чанарт тал бүрээсээ ихээхэн анхаарах шаардлага гарч байгаа юм. Иймийн тулд “Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт үйл ажиллагаагаар өртөгжүүлэх аргачлалыг танилцуулах” дэд төслийг хэрэгжүүлсэн нь чухал ажил юм. Монголын Мянганы Сорилтын Сан /ММСС/-гийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслөөс санаачилсан “Үйл ажиллагааг өртөгжүүлэх” аргачлалыг боловсруулах ажлын гэрээт байгууллагаарТөр, хувийн хэвшлийг холбох гүүр болон ажилладаг Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо /МАОЭНХ/ шалгаранмэргэжлийн өртөг тооцох аргачлалыг боловсруулангаргаж, үр дүнг Хөдөлмөрийн яаманд хүлээлгэн өгсөн юм. Ажлын үр дүндМэргэжлийн боловсрол, сургалтын салбарт үйл ажиллагааг өртөгжүүлэх аргачлал гэж юу болох, түүнийг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага, оролцогч талуудын эрх, үүрэг болон МБС-ын салбарын эрхзүйн орчинг сайжруулах санал, дүгнэлт зэргийг багтаасан бодлогын удирдамжийг боловсруулсан. Мөн “Үйл ажиллагааг өртөгжүүлэх аргачлал”-аар мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын өртөг, зардал, төсвийг хэрхэн тооцох арга бүхий гарын авлага гарсан.
Монгол улсын эдийн засгийн хурдацтай хөгжилтэйзэрэгцэн хувийн хэвшлийнхний эдийн засагт гүйцэтгэх үүрэг өсч, тогтвортой ажиллаж буй аж ахуйн нэгж байгууллагын тоо болон гаднын хөрөнгө оруулалт ч ихээхэн нэмэгдэх боллоо. Эдгээрээс шалтгаалан мэргэжилтэй ажилчдын эрэлт хэрэгцээ ч Монгол улсын  хөдөлмөрийн зах зээлд байнга өссөөр байна.Энэ нь Мэргэжлийн боловсрол, сургалтын салбараас цогц шинэчлэлийг шаардаж байгаа учирМБС-ын одоогийн хэрэглэж буй сургалтын хүрээний өртөг зардлыг тооцох аргачлалыг сайжруулах хэрэгтэй юм. Сургалтын өртгийг зөвхөн сургуулийн хүрээнд бус хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын хүрээнд гарч буй сургалт, дадлагын үйл ажиллагаатай холбоотой бодит өртөг зардалтай уялдуулан нэгтгэсэн нэгдсэн өртөг тооцох аргачлалд шилжүүлэх юм. Ингэснээр сургалтын төлбөрөө суралцагчийн тоонд үржүүлэн гаргасан ерөнхий дүн биш, мэргэжил тус бүрт шаардлагатай, өөрөөр хэлбэл тухайн мэргэжлээрнэг мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд хэрэглэгдэх бүх үйл ажиллагааны /онолын сургалт, сургууль болон үйлдвэр дээр дадлага хийх зардал гм/иж бүрэн нарийн тооцоо гарна гэсэн үг.
Жишээлхэд,Та Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвд суралцахаар боллоо. Танай үсчний анги 15 суралцагчтай. Тэгвэл суралцагч тус бүрт суралцах хугацаанд нь ямар гарын авлага, хэдэн төрлийн хэчнээн хайч, будаг, сэнс, индүү, хормогч, үсний тос, шингэн саван, цаашлаад сургагч багшийн хөлс гээд гарч болох бүх зардлын өртгийг тус бүрт нь тооцон гаргаж сургалтын төсөвтөө суулгаж өгнө гэсэн үг. Ингэснээр сургалтын орчин нөхцөл сайжирч, хоорондоо яв цав тохирсон онол, дадлага хосолсон сургалтын цогц системээр боловсорч, ажлын байранд гарахад урчадварын хувьд хаана ч, хэнд ч гологдохооргүй мэргэжилтэй ажилтан болох боломж бүрдэж байгаа хэрэг. Одоо харин хэрэгжүүлэх л үлдлээ.
Худал үгэнд хууртсаар байгаад хашир суусан нэгэнд цаасан дээр л үлдэх ажил байх вий, ажил болгох хууль эрхзүйн орчин нөхцөл нь үнэхээр бүрдсэн болов уу, төр засгаас ямар бодлого барьж ажилах юм бол, хэн, хэзээ хэрэгжүүлэх юм бол гэсэн асуулт болгоомжлол төрж болох юм. Тэгвэл энэхүү аргачлалыг хэрэгжүүлэхэд бодлого барьж ажиллаад байх шаардлага бараг байхгүй. Учир нь хууль эрхзүйнь бүрдсэн, хэлэлцүүлэг нь хийгдээд холбогдох байгууллагууд нэг чигийн ойлготод хүрчихсэн. Тиймээс энэ аргачлалын дагуу холбогдох байгууллага болон сургуулиудын холбогдох албаны хүмүүст сургалт явуулчихна. Харин салбарын яамд нь л “манай салбарт ажиллаж байгаа төчнөөн тооны аж ахуйн нэгжид ирэх онд нийт төчнөөн гагнуурчин, тэдэн оператор, нарийн боовны технологич хэрэгтэй байна. Харин тэр хүмүүс нь ийм ийм чадвартай л байх ёстой” гэсэн шаардлага бүхий захиалгаа тодорхой гаргаад Хөдөлмөрийн яаманд өгчих юм. Тэгээд л тэр эрэлтийнх нь дагуу бүртгэлээ явуулан элсэлтээ аваад, МСҮТ нь нөгөө аргачлалаараа, төсвөө гаргаад, хөтөлбөрөө боловсруулаад санхүүжилтээ шийдүүлчихнэ. Ингээд л сургалт явагдлаа. Төгсөгчид ажил олгогчийн эрэлтэд нийцсэнмэргэжлийн ур чадвараа эзэмшиж, цаашлаад ажилд ороход ур чадвараар муу гэсэн асуудал, ямар нэгэн хүндрэл, бэрхшээл гарахгүй гэдгийгМонголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо /МАОЭНХ/-ны гүйцэтгэх захирлын орлогч Ц.Эрдэнэбаатар хэлж байна.
2013 оны төсөв нэгэнт батлагдаад гарчихсан учраас “өртөгжүүлэх аргачлал” 2014-2015 оны хичээлийн жилээс биелэлээ олох нь эргэлзээгүй болж байна. Аливаа ажлын эхлэл гэдэг тухайн ажлын тэн хагас гэсэн үг бий. Мэргэжлийн Боловсрол, Сургалт /МБС/-ын салбар эхлүүлсэн ажил бүртээ шинэ шинэ санаачлага, шийдлийг гаргаж, шат шатаар ахиулсаар...

Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй 67000 аж ахуйн нэгж, компаниас идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 48000 аж ахуйн нэгжид өнөөдөр мэргэжилтэй, мэргэжлийн ур чадвартай ажиллах хүчин ихээхэн хэрэгцээтэй гэсэн Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо /МАОЭНХ/-ны мэдээлэл байна. Энэ нь нэг талаар манай улсын хувийн хэвшилд тулгамдаж байгаа хамгийн том асуудлын нэг. Хувийн хэвшил гэдэг аль ч улс орны хувьд эдийн засгийн томоохон хөшүүрэг байдаг. Гэтэл урьд өмнө хувийн хэвшил, сургалтын байгууллага хоёр нэлээд хөндий байжээ. Сургууль нь энд төрийн мөнгөөр хэдэн хүн сургаад л байдаг, тэнд хувийн хэвшлийнхэн мэргэжилтэй ажилтан байхгүй байна гээд л яриад байдаг. Харин одоо энэ “толгойн өвчин” үгүй болж хоёр тал хамтран ажиллах гүүрээ барьж эхэллээ. Сайн хэрэг, сайхан мэдээ.
Үйлдвэрийн газар, сургалтын байгууллагын түншлэл бэхжин, хамтран ажиллаж, ажил олгогчид төр засагтайгаа хоршин Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв /МСҮТ/-д захиалгаа өгч, гэрээ байгуулна. Тухайлбал, манай байгууллагат 13 гагнуурчин, хүнд машин механизмын засварчин 5 хүн хэрэгтэй байна. Эдгээр мэргэжилтэй ажилтныг танай сургууль бэлтгэж өгөөрэй. Харин үүний тулд бид хэдий хэмжээний өртөг гаргах вэ гэхэд л өртөгжүүлэх аргаараа мэргэжил тус бүрийн өртгийг тооцоод гаргаад өгчихнө. Захиалагч тал тэрхүү өртгийг нь Мэргэжлийн Боловсрол, Сургалтыг Дэмжих Сан /МБСДС/-д хувийн хэвшлээс ногдох хэсгийг нь хандивлана. Ингээд л ажил хайсан этгээд, ажилтан хайсан байгууллага “шархаа нөхөн” Монголын нийгэмд ассан гэрэл улам гэрэлтсээр байх нь. Дэнгийн тосыг нэмэх тусам гэрэл нь сайжирдаг шүү дээ.  


0 comments:

Post a Comment

Share