Monday, December 10, 2012

Сайн зуурмаг – Чанартай талх



Аливаа ажлын эхлэлийг тавина гэдэг хамгийн том алхам байдаг. Эхлэлийн шанг шийдмэг хатган хүрэх зорилгоо тод томруун зөв тодорхойлж чадсан бол ямар ч зүйл бүтэшгүй, боломжгүй байх нь үгүй. Шинэчлэлээ амжилттай эхлүүлсэн, шинэчлэгдэж яваа Монголын мэргэжлийн боловсрол, сургалт (МБС) буюу бидний хэлж заншсан “тээмс” өнөөдөр Монголдоо мэргэжлийн чадварлаг ажилтан бэлтгэн гаргах материаллаг бааз сургалтын орчин, багшлах боловсон хүчинтэй болоод байна. 
Өнөөгийн хөдөлмөрийн зах зээлийн хүсэл, шаардлагад нийцсэн мэргэжлийн чадварлаг ажилтанг бэлтгэх, шинэ үеийн мэргэжлийн боловсрол сургалтын салбарыг хөгжүүлэх зорилго өмнөө тавьсан Монголын Мянганы сорилтын сангийн (ММСС) Мэргэжлийн боловсрол сургалтын төсөл 2008 онд хэрэгжиж эхэлсэн нь МБС-ын шинэчлэл хурдацтай ахихад ихээхэн хувь нэмэр оруулж байгаа юм. Хэрэгжиж эхлээд даруй 4 жилийг ардаа орхисон энэхүү төсөл зорилгодоо хүрсэн амжилтын буухиагаа эхнээс нь хүлээлгэн өгсөөр байна.

Бодлогын шинэчлэлийг дэмжих, чадамжид суурилсан сургалтын тогтолцоог бий болгох, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоог хөгжүүлэх, сургалтын материаллаг орчинг сайжруулах гэх үндсэн хэсгүүдэд чиглэн хэрэгжиж байгаа ММСС-ийн МБС-ын төслийн олон ажлуудын нэг нь “Чадамжид суурилсан сургалт” дэд төсөл (ЧСС) юм.  Ур чадвартай, мэргэжлийн ажилтанг бэлтгэх мөн мэргэжлийн ажилчдын мэргэшлийн түвшинг тодорхойлох гэсэн үндсэн зорилготой энэхүү төсөл 2010 оноос 2.5 жилийн хугацаатай хэрэгжээд өнгөрсөн 9-р сарын 11-нд хийсэн ажлаа Монгол улсын засгийн газарт  амжилттай хүлээлгэн өглөө.

 
Уг дэд төслийн гүйцэтгэгчээр Германы “ABU Consult” Berlin GbmH зөвлөх компани ажилласан. Төслийн хугацаанд Мэдээлэл арга зүйн Үндэсний төвийн бодлогын баримт бичиг, мэргэшлийн түвшиний үндэсний тогтолцоог бүрдүүлэх баримт бичиг, тэргүүлэх ач холбогдол бүхий 7 салбарын 28 мэргэжлийн чадамжийн стандарт, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, багш нарт зориулсан арга зүйн болон үнэлгээний аргачлал зэргийг олон улсын амжилт туршлага дээр тулгуурлан, дотоод гадаадын эрдэмтэн мэргэдийн үгсийг шүүн тунгаан байж боловсруулсан байна. 

“Чадамжид суурилсан сургалт” дэд төсөл салбарын мэргэжилтэн болон эрдэмтэдээр багаа бүрдүүлж уул овоо мэт олон зуун хуудас материал судлан шигшиж санал бодлоо уралдуулсны үр дүнд хөдөө аж ахуй, барилга, харилцаа холбоо, эрчим хүч, аж үйлдвэр, уул уурхай, тээвэр гэх  салбарын 28 мэргэжлээр сургалтын хөтөлбөр боловсруулан сонгон шалгаруулсан 11 сургууль, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн  төв (МСҮТ) дээр амжилттай туршсан байна. Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг туршсан  сургуулийн төлөөлөл төслийн үр дүн ямар байсан талаар санал бодлоо хуваалцсан юм. 

Завхан аймаг, Баруун бүсийн арга зүйн төвийн эрхлэгч Б.Галбаатар: “Баруун бүсийн арга зүйн төвд тооцогдох манай сургууль нь авто засварын мэргэжилтэн бэлтгэдэг дадлага туршлагатай хамт олон. Төслийн хүрээнд 2008 онд автын мехатроникийнлабораторийг иж бүрнээр засварлан ажиллуулах болсон нь чадамжид суурилсан сургалтыг хэрэгжүүлэх бүрэн боломжтой болсон.  Одоогоор манай төгсөгчдийн 80-90 хувь нь төвөггүй ажлын байртай болж байна.”

Техник Технологийн дээд сургуулийн МБС-ын менежер, ЧСС-ын хөтөлбөрийг турших багийн ахлагч Ц.Оюунтуяа: “Манай сургууль барилгын мужаан мэргэжлээр ЧСС-ын хөтөлбөрийг сургуульдаа туршин ажилласандаа их баяртай байгаа. Сүүлийн жилүүдэд барилгын мужаан чиглэлээр төгсөж буй оюутнууд 100 хувь ажлын байраар хангадах болсон нь энэ чиглэлээр суралцах хүүхдийн тоог их нэмэгдүүлэхэд нөлөөлж байна. Ажлын байрны эрэлт ч маш их байгаа.”

Дундговь аймгийн МСҮТ-ийн захирал Ц.Бумангэрэл: “Бид аймгийнхаа уурын зуухны галчдыг сонгон ханын засал чимэглэлээр ЧЧС-тандаа хамруулсан. Ханын засал чимэглэлчээр сурснаар улирлын чанартай зогсолт хийдэг сарууддаа ажлын байртай болж өрхийн амьжиргаагаа нэмэгдүүлэх боломж гарсанд сургалтанд хамрагдсан насанд хүрэгчид маш их баяртай байгаа. Цаашид ч энэ чиглэлээр сургалтаа явуулсаар байх болно. Тодорхой тооны өрхийн амьжиргааг нэмэгдүүлсэн нь төслийн ажлын хамгийн том үр дүн гэж бодож байна." 

Агуулга , хэлбэр нарийн уялдан нэгдэж чадвал аливаа үйл хэрэг төгс билгүүн болдог. Үүний нэгэн адил МБС-ын сургуулиуд өнөөдөр орчин үеийн техник тоног төхөөрөмж бүхий сургалтын баазтай болж “хэлбэрээ” бэхжүүлж чадсан бол одоо тэрхүү сургалтын гол түлхүүр болсон агуулгаа амжилттай эх барин “бойжуулж” байна. “Чадамжид суурилсан сургалт” дэд төслийн хүрээнд 28 мэргэжлээр ЧСС-ын хөтөлбөрийг боловсруулснаас гадна уг салбарын төгсөгчдийн эзэмших чадамжийн стандартыг тогтоох явдал нь хамгийн том ажил байсан. “Чадамжид суурилсан сургалт”-ын дэд төслийн багийнхан мэргэшлийн түвшний үндэсний тогтолцооны бодлогын баримт бичиг, арга зүйн баримт бичгийг боловсруулсан бөгөөд энэхүү бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд МБС-ын хууль тогтоомжинд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй байгаа юм. Үүнтэй холбогдуулан хууль тогтоомжинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг УИХ-ын энэ намрын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа нь бодлогын түвшинд хийгдэх маш том ажил болоод байна. 

Энэ мэт Монголын мэргэжлийн боловсрол сургалтын салбарын шинэчлэлийн тулгуур ажлууд шат дараатайгаар хийгдсээр байна. 

0 comments:

Post a Comment

Share