Tuesday, September 25, 2012

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНИЙГ МСҮТ-Д “ДАРХАЛДАГ”



Барилгын чанар яс “модноосоо”, яс модны нас арматураасаа харин сайн арматурыг Дарханы төмөрлөгөөс гэдэг үг бий. Яс сайтай, чанар сайтай барилгыг тодорхойлогч 20 гаруй жилийн түүхтэй “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн тасралтгүй эргэх хүрдийг залуурдагчид нь үйлдвэрийн ажилчид. 

Өдгөө тус үйлдвэр 1500 ажилчинтай өнөр гэр бүл. Өнөр өтгөн энэ  айлын цохилох зүрхийг байнгын цусан хангамжаар тэтгэгчийг нь цахилгаан тэжээл, хариуцах эзнийг нь цахилгаанчин гэх. Харин үйлдвэрийн эвдэрч гэмтэж,“өвдсөн” тоног төхөөрөмжийг “эмчилж анагаах” хийгээд “өвдөж” доголдохоос урьдчилан сэргийлэх үүргийг үйлдвэрийн эмч нар болох засварчид нуруун дээрээ үүрдэг. Энэхүү нийтлэлээр танилцуулах залуус маань цахилгаанчин мөн завсарчин гэх дээр дурьдсан эрхэм үүргийг хариуцлагатайгаар хашиж, төмөрлөгийн үйлдвэрийн галыг маналцаж яваа төмөрлөгийн үйлдвэрийн залуу боловсон хүчин юм.  


  “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн цахилгаан хангамжийн албаны хайлах хэсгийн цахилгаанчин Б.Ням-Осор нь Дарханы МСҮТ-ийг төгсөөд 2003 оны 3-р сард ажлын гараагаа төмөрлөгийн үйлдвэрээс эхлүүлсэн бөгөөд өдгөө оны тэргүүний залуу ажилтан болтолоо ахиж дэвшин ажиллаж байна. Улаан гал улалзаж улайссан төмөр сүлжилдсэн аянга цахилгаан ниргэх мэт нүргэлсэн их дуу чимээтэй үйлдвэрийн хаалгаар анх орж ирэхэд өөрийн эрхгүй айх мэт огшисон мэдрэмж төрж байсан гэх. Харин одоо тэрбээр “Төмөрлөгийн үйлдвэр бол энх цагт эр хүний авхаалж самбаа, эр зориг шаардсан ажил гэж бахархалтайгаар хэлмээр санагдам жинхэнэ хөдөлмөрийн талбар” гэж хэлэх дуртай. Үйлдвэрийн амин ганц зүрхний хэмнэлийг алдуулахгүй байх цахилгаанчны үүргийг нэр төртэйгээр биелүүлэн ажиллаж байгаадаа баяртай байдаг Б.Ням-Осор “Ажлынхаа онцлог, давуу талыг ярь гэхээр өөрийн эрхгүй сүртэй сүртэй үг ам дээр гарч ирээд байдаг. Ажил маань угаасаа жинхэнэ бүтээн байгуулалтын төлөө ажиллах талбар даа. Хэрэв үйлдвэрт маань 1 минут л цахилгаан доголдвол үйлдвэрийн ажил тэр чигтээ зогсож бидний хийх арматур, барилгын хийц материал гарахаа болино. Мэдээж 1 минутын зогсолтын цаана олон олон барилга байгууламжийн ажил хүлээгдэж зогсоно гэсэн үг. Тэгэхээр цахилгаанчны ажлын үүрэг хариуцлага бол минут секундээр хэмжигдэнэ. 1990 онд үүсгэн байгуулагдаж, 1993 онд анхны хайлалтаа хийж байсан төмөрлөгийн үйлдвэр ганц Дарханчуудын төдийгүй Монголчуудын бахархал шүү дээ. Ийм болохоор бахархал болсон үйлдвэрийн ажилтан болсондоо сэтгэл сайхан байдаг” гэж ажлынхаа тухай бидэнд ярьж байсан юм.
 Төмөрлөгийн үйлдвэрийн Хайлах хэсгийн засвар механикийн албаны засварчин П.Батцогт “Эрүүл энхийн манаанд байнгийн бэлэн байдалд зогсдог эмчтэй яг адилхан ... үйлдвэрийн ажиллагааг таслахгүй, засварчин хүн хэрэгтэй газар нь байнга бэлэн байж, хувийн зохион байгуулалттай байх хэрэгтэй. Багаж хэрэгсэлээ гарын дор ойрхон байлгах ёстой. Төмөр хайлуулж, бэлдэц үйлдвэрлэж байх явцад тоног төхөөрөмжид саатал гарвал үйлдвэрийн ажлыг бүрэн зогсоохгүй ажиллах явцад нь завсарладаг. Тиймд улаан хайлмаг, улалзсан төмөр дундуур айж имээхгүй ханцуй шамлан ороод явц дунд нь засах хэрэгтэй болдог. Мөн ажил эхлэхээс өмнө бүх тоног төхөөрөмжөө эргэж тойрон бүрэн бүтэн байдлыг нь шалгадаг” гэж ярьсан.
2005 онд Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн босгоор алхан одоог хүртэл 7 жил ажиллаж байгаа завсарчин П.Батцогтын хувьд төмөрлөгийн үйлдвэрийн бэлэг тэмдэг болсон Төмөр хүнийг хийх ажилд гар бие оролцож байснаа дурсах тун дуртай. Учир нь их дээд сургууль төгссөн мундаг инженерүүдтэй нэг баг болон төмөр хүнийг хийлцэж байсан үеэсээ олон зүйлийг суржээ. Тиймдээ ч тэрбээр Дархан хотоос төмөрлөгийн үйлдвэр хүрэх ажилчдын автобусанд суун төмөр хүний хажуугаар өнгөрөх бүртээ тэр сайхан дурсамжаа бодон ажилдаа урам зоригтой ирдэг.  

Цаашдаа мэргэжлээрээ их сургуульд элсэж инженер болох нэг хүсэлтэй, мөнхүү Монголын хамгийн анхны төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байгаадаа баяртай байдаг нэгэн бахархалтай хоёр залуугийн амьдралын гараа  МСҮТ-ээс эхлэн Дарханы төмөрлөгийн үйлдвэрт нэгдсэн. Ажлаараа бахархах энэ залуус мэргэжлээ зөв сонгож, МСҮТ-д “дархлагдсан”  ажил амьдралаа өөд татан яваа олон олон хөдөлмөрийн хүмүүсийн жишээ юм.   

Дашрамд хэлэхэд МСҮТ-д суралцах залуусын тоо эрчимтэй өсөж байгаа бөгөөд тэр дундаа охид бүсгүйчүүд энэ салбарт сурч ажиллан амжилт гаргаж яваа олон сайхан жишээ байдаг юм билээ. Одоогийн байдлаар Монгол улсын хэмжээнд 71 МСҮТ болон коллежид 48 мянган оюутан суралцаж байна. Эдгээрээс хот хөдөөгийн 50 гаруй сургуулиуд цахилгаанчин болон засварчин мэргэжлээр чадварлаг ажилтанг бэлтгэн гарахад анхаарч ажиллаж байна.

Жил ирэх тусам МСҮТ-д суралцаж хэрэгтэй газраа чадварлаг мэргэжилтэн болж очих залуусын тоо бидний бодсоноос ч илүү хурдацтай өссөөр байна. Мэргэжлээ зөв сонгож чадварлаг мэргэжилтэн болон сайхан амьдрах залуусын нэг байх боломж танд ч мөн бий.

0 comments:

Post a Comment

Share