Sunday, September 16, 2012

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд фермерийн аж ахуйн сургалтын чанар үр өгөөжийг дээшлүүлэх талаар туршлагаасаа хуваалцлаа





Хэнтий аймгийн Өндөрхаан хот (www.mca.mn). Монголын Mянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол сургалтын төслийн хүрээнд хэрэгжсэн тэтгэлэгт төслүүдийн цаашдын тогтвортой байдлыг хангах, фермерийн аж ахуйн практик сургалтын орчинг сайжруулах, сургалтын чанар үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн туршлага солилцох уулзалтыг Хэнтий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв дээр хэрэгжиж буй  “Хэрлэн” тэтгэлэгт төслийн фермерийн аж ахуйн дадлагын  цогцолбор баазыг  түшиглэн 2012 оны 9 дүгээр сарын 13-ний өдөр зохион байгууллаа.   

Мянганы Сорилтын Корпорацийн санхүүжилтээр Мэргэжлийн боловсрол сургалтын төслийн хүрээнд 2 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт бүхий Өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөрийг  хоёр үе шаттайгаар 2010 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тус тэтгэлэгт хөтөлбөрийн гол зорилго нь сургалт болон ажил олгогч байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын тэргүүн туршлагыг дэмжин хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэхэд оршино. Тус хөтөлбөрт Улаанбаатар хот, 14 аймгийн нийт 26 сургууль хамрагдаж Үндэсний хэмжээнд нийт 28 төсөл хэрэгжсэн юм. Үүнд Экологи сургалт, хөдөө аж ахуй- (6 сургууль ), Зам, барилга, уул уурхай, газрын тосны олборлолт- (6 сургууль), Хөнгөн үйлдвэрлэл- (2 сургууль), Багшийг чадваржуулж хөгжүүлэх- (6 сургууль), Онол, дадлагын сургалтын орчинг сайжруулах- (4 сургууль), Суралцагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих-  (4 сургууль) гэсэн зургаан чиглэлийн төслүүд багтаж байгаа юм.
 
Дээрх төслүүдээс фермерийн аж ахуй эрхлэлтийн мэргэжлийн сургалтын чанар, орчинг сайжруулах зорилго бүхий тодорхой тооны төсөл Улаанбаатар хот, аймаг орон нутагт амжилттай хэрэгжиж  байгаа юм. Эдгээр төслүүд нь фермерийн аж ахуй эрхлэлтийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах, сургалтын гарын авлага, видео хичээлийг шинээр боловсруулах, сургалтын орчин буюу лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулах, фермерийн аж ахуйн сургалтын дадлагын бааз болох цогцолбор төвийг  байгуулах, эрчимжсэн мал аж ахуйн эрхлэлтийн богино хугацааны сургалт зохион байгуулах, түнш байгууллагуудын дэмжлэгтэйгээр үнээний фермийн дадлагын газрыг шинээр байгуулах зэрэг ажлуудыг амжилттай сайн хэрэгжүүлж байгаа билээ.

Тийм ч учраас эдгээр төсөл хөтөлбөрүүдийн хуримтлуулсан арвин их туршлага, ололт  амжилтуудаас фермерийн аж ахуй эрхлэлтийн чиглэлээр мэргэжлийн сургалт явуулж байгаа  бусад сургалтын байгууллагуудтай харилцан хуваалцаж, улмаар төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжих хугацаа дууссан ч гарсан үр дүн, ололт амжилтуудыг нь цаашид түгээн дэлгэрүүлэх, тогтвортой үйл ажиллагааг  хангах үүднээс энэхүү уулзалт семинарыг зохион байгуулж байгаа юм.

Тус уулзалтанд фермерийн чиглэлээр мэргэжлийн сургалт явуулж буй 16 Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс (МСҮТ) гадна холбогдох салбарын яамдын төлөөлөл, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хөдөө аж ахуйн их сургууль зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож фермерийн аж ахуйн практик сургалтын орчинг сайжруулах, сургалтын чанар үр дүнг дээшлүүлэх талаар онол, практикийн мэдлэг, туршлага болон санал бодлоо солилцлоо.

Нэмэлт мэдээлэл:

Одоогийн байдлаар ММСС-гийн МБС-ын төслийн хүрээнд нийт 28 төслийн 16 төсөл 2012 оны 3-р сарын 31-нд дуусч, 8 төсөл 2012 оны 7-р сард дууссан болно. Үлдсэн 4 төсөл нь 2013 оны 3-р сарыг дуустал үйл ажилагаагаа хэрэгжүүлнэ.

Өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжилтийн зарим амжилтуудаас дурдвал:

  1. Төслүүд нь үйл ажиллагаандаа ажил олгогч байгууллагуудыг татан оролцуулснаар тэдгээрийн хамтын  ажиллагаа сайжирсан.С
  2. ургууль болон ажил олгогч байгууллагуудаас төслүүдэд 363.3 сая төгрөгийн нэмэлт биет хөрөнгө оруулалт хийгдсэн. 
  3.  5900 гаруй багш сургалтад хамрагдаж мэргэжлээ дээшлүүлсэн. 
  4. 36 хөтөлбөр (Экологи, фермерийн -5; Хүнд үйлдвэрийн чиглэлээр – 2; Газрын тосны – 2; Хүнд машин механизмын – 6; Хөнгөн үйлдвэр -13; Ил уурхайн– 3; Автозам, барилгын -2; Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн -3) шинээр боловсруулж, холбогдох сургалтуудад нийт 1469 оюутан, насанд хүрэгчид хамрагдаж, төгсөгчдийн   45% нь ажлын байраар хангагдсан. 
  5. 11 сургуулийн тэтгэлэгт төслийн хүрээнд суралцаж төгссөн оюутнуудын ажил эрхлэлтийн байдлыг авч үзвэл 2009 оны мэдээлэлтэй харьцуулахад 2012 онд 21.4 хувиар өссөн. Тэтгэлэгт төслийн хувьд ялангуяа захиалгат сургалтад хамрагдагчид нь 100 хувь ажлын байраар хангагсан байна.
ӨТХ-ийн төслүүдийн хэрэгжилтийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг ММСС-гийн www.mca.mn сайт болон дараах мэргэжилтнүүдтэй холбогдож авна уу.

Х. Отгонгэрэл, ММСС-ийн МБС-ын төслийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн
Цахим шуудан: otgongerel@mca.mn, Утас: 70150407, 99184179
С.Нарантуяа, ММСС-ийн МБС-ын төслийн мэргэжилтэн
Утас: 70150407

0 comments:

Post a Comment

Share