Tuesday, September 18, 2012

МБС-ЫН ШИНЭЧЛЭЛ - Шинэчлэлийг тулах 3 цэг



Шинэчлэл - жирийн нэгэн иргэнээс холуур сонсогдох энэ албаны үг үнэндээ улс орны маань хөгжил, тэрхүү хөгжлөөр дамжин нуруу тэнийх өрх гэрийн санхүүтэй туйлын холбоотой юм. Учир нь Мэргэжлийн Боловсрол, Сургалтын (МБС) шинэчлэлээс улбаатай сайжирч буй сургалтын чанар, МСҮТ төгсөгчдийн ур чадвар нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, баялагийг бүтээх, диплом өвөртлөн гудамж метрлэгчдийн тоог бууруулах, өрхийн амьжиргааг дэмжих, улс эх орны эдийн засгийг хөгжүүлэх, иргэн хүн эх орондоо өндөр цалинтай ажлын байрны эзэн байх гэх мэт цогц асуудлын тулгуур билээ.
Өнгөрсөн хугацаанд хийгдэж байгаа Мэргэжлийн боловсрол, сургалтын (МБС) шинэчлэл нь МБС-ын бодлогын шинэчлэл, сургалтын технологийн шинэчлэл /Чадамжид суурилсан сургалт - ЧСС/, сургалтын орчинг сайжруулах техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл гэх тулгын 3 чулуунд зангилагдаж байгаа юм. 

1. БОДЛОГЫН  ШИНЭЧЛЭЛ. МБС-ын шинэчлэлийн хүрээнд бодлогын түвшинд олон ажил хийгдсэн. Эдгээрээс жин дарах ажлуудын нэг бол  төр, хувийн хэвшлийн 50, 50 хувийн оролцоотой МБС-ын Үндэсний зөвлөлийг байгуулан МБС-ыг чиглүүлэх алтан гадастай болгосон явдал юм. Түүнчлэн Монголын Мянганы сорилтын сангийн МБС-ын төслийн дэмжлэгтэйгээр 2011-2016 оны МБС-ын Стратегийн Баримт Бичгийг боловсруулж,  төгсөж гарсан чадварлаг мэргэжилтэнг хүсэж буй хөдөлмөрийн зах зээл буюу ажил олгогчидод нь саадгүй хүргэх гүүр болох Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоог амжилттай хэрэгжүүлэн хүлээлгэн өгөх зэрэг ажил байсан юм. Хөдөлмөрийн зах зээлийн хязгааргүй мэдээллийн санг нэгтгэн, хүссэн хүнд нь  хэрэгтэй мэдээллийг хүргэхээр зорьсон энэ ажил МБС-ын шинэчлэлийн тогтолцоог бататгах нэгэн том хөшүүрэг болж байгаа юм.
МБС-ын төгсөгчдийг олон улсын хэмжээнд ашигладаг мэргэжлийн түвшинээр ангилан мэргэжлийн зэрэг цолтой болгох тухай баримт бичгийг боловсруулах ажлыг МБС-ын Үндэсний Зөвлөлийн түвшинд хэлэлцэн 2012 оны босгон дээр баталсан байна. Энэ баримт бичигтэй холбоотой удирдамжийг гарган МБС-ын сургуулиудын шатанд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаар Үйлдвэрлэл Урлалын Политехникийн коллежийн захирал, Техник Мэргэжлийн Боловсролын Сургуулиудын Холбооны ерөнхийлөгч Ж.Юра ярьсан юм. 

2. СУРГАЛТЫН СТАНДАРТ. МБС-ын шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа чадамжид суурилсан сургалтын стандарт нь манайд нэвтэрч байгаа цоо шинэ сургалтын технологи юм. Чадамжид суурилсан сургалтын стандарт, хөтөлбөрийг амжилттай боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн МБС-ын салбарынхан сургалтын шинэ стандартыг зааж сургах  багш нараа энэ зун амрах ч завгүйгээр бэлтгэсэн.  Тухайлбал Монгол Солонгосын Техникийн Коллежид байрлахМэдээлэл Арга Зүйн Үндэсний төвд мултимедиа технологоор багш нараа бэлтгэх ажил зохион байгуулагдаж байна.
Чадамжид суурилсан сургалт  (ЧСС) нь товчхондоо ажлын байраас үүдэлтэй захиалгат шинэчлэл гэж хэлж болох юм. Учир нь МБС-ын төгсөгчдөөс өнөөгийн хөдөлмөрийн зах зээл болон ажиллах орчны дэвшилтэт өөрчлөлт нь чухам юуг хүсэж байгааг харж мэдрээд түүндээ нийцүүлэн хийж байгаа сургалтын агуулгын маш том шинэчлэл юм. 

3. ТЕХНИК ТЕХНОЛОГИ СУРГАЛТЫН ОРЧИНГ САЙЖРУУЛАХ ШИНЭЧЛЭЛ. Сургалтын шинэчлэгдсэн сайн агуулга, түүнийг оюутнуудад хүргэх мэдлэг чадвартай багшаас гадна орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон дадлагын орчин нь шинэчлэлийг тулах бас нэгэн багана юм.  
Энэ утгаараа техник технологийн шинэчлэл зайлшгүй хэрэгтэй хийгээд бодит мөнгөн хөрөнгө шаардсан том ажил байсан. Энэ шинэчлэлийг бодит ажил хэрэг болгоход Монголын Мянганы Сорилтын Сангийн МБС-ын төсөл нийт 27.5 сая ам долларын хөрөнгө оруулалтыг хийж байна. Одоогоор 21 аймгийн МСҮТ-үүд цоо шинэ техник технологи сургалтын төнөг төхөөрөмжөө эхнээсээ хүлээн аваад сургалтаа явуулж байгаа юм. 

Сургалтын орчны сайжруулалт гэдэг нь орчин үеийн тоног төхөөрөмж, симуляторуудаар хангах төдий хэрэг биш ном сурах бичгийг онлайн хэлбэрт шилжүүлэх, үзүүлэн материалуудыг шинэчлэх, багш нарыг мултимедиа орчинд сургаж чадвахжуулах гэх мэт цогц ажлууд багтаж байгаа билээ.
Түүнчлэн сургалтын орчинг сайжруулах шинэчлэлийн хүрээнд  шинэ тоног төхөөрөмжийг хадгалж хамгаалах боломжгүй болсон наанадаж 20 жилийн настай МСҮТ-үүдийн барилгуудыг засаж сэлбэх, шинээр барих ажил мөн хийгдэж байна. 

МБС-ын шинэчлэлийн үр шимийг хүртэгсэд
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах болсон Мэргэжлийн Боловсрол, Сургалтын VI Бага Хурал энэ удаад 8-р сарын 16-ны өдөр Төв аймгийн Зуун Мод хотод болж өндөрлөсөн.
Монгол орны өнцөг булан бүрээс МСҮТ-ийн удирдах ажилтан болоод багш нарын төлөөлөл хүрэлцэн ирж оролцдог энэхүү бага хурлын үеэр МБС-ын салбарт тулгарч байгаа асуудал, хийгдэж буй шинэчлэл, өнгөрөгч хичээлийн жилийн ололт амжилт, ирэх хичээлийн жилийн зорилтыг хэлэлцдэг юм.
Дэлхийн чанар стандартаар үрсэлж шинээр нахиалан, жимслэж буй модны үр шимийг хүртэгсэд энэ удаад ч мөн шинэчлэлийн талаар бодол сэтгэгдэлээ хуваалцсныг сийрүүлье. Учир нь  МБС-ын шинэчлэлийг биеэр мэдэрч, баярлан хүлээн авч байгаа хүмүүс бол яах аргагүй МСҮТ, МБС-ын салбарт суралцагсад болон мэргэжлийн чадварлаг ажилтан хүлээн суугаа ажил олгогчид юм. 

ДОРНОД АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ЗАХИРАЛ Д.ЭНХЖАРГАЛ- “МБС бол ядуурал, ажилгүйдлээс гарах хамгийн том гарц”:  МБС-ын шинэчлэл зөвхөн барилга байшин шинээр барьж байгуулах, техник технологийг өөрчлөх, сургалтын шинэ стандарт нэвтрүүлэх гэхээс гадна энэ салбарын оютнууд, багш нарын хандлага, сэтгэлгээг өөрчилөхөд маш том түлхэц болсон. Түүнчлэн энэ салбарын талаархи олон нийтийн ойлголт, нийгмийн сэтгэл зүйг өөрчлөхөд үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсан. Ур чадвартай ажилтан бэлтгэн гэдэг нь дан ганц сургуулийн асуудал бас биш юм. Ажил олгогч өөртөө шаардлагатай, хэрэгтэй байгаа ажилтанг авахын тулд энэ шинэчлэлийн үйл ажиллагаанд оролцох ёстой. Иймд төр, хувийн хэвшлийн түншлэл нэгэн цэгт нэгдэж, хоёр толгой нэгэн зүгт харах  хэрэгтэй болж байгаа юм. Энэ бүгдийг ухааруулан нүдийг нээж зөв чигт харахад Монголын Мянганы сорилтын сангийн МБС-ын төсөл маш том гарцийг нээж өгсөн.
Өнөөдөр Монголын Мянганы сорилтын сангийн МБС-ын төсөл араасаа олон донор, хөрөнгө оруулагчдыг дагуулсан булган сүүлтэй төсөл болоод байна. МБС шинэчлэгдэж, МБС-ээр бэлтгэгдсэн  чадварлаг ажилтанг хөдөлмөрийн зах зээл гар тосон хүлээн авч байна гэсэн сайн сайхан мэдээлэл олны анхаарлыг эрхгүй татаж байгаа. Тиймдээ ч  МБС бол Монголын эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийг ядуурал ажилгүйдлээс гаргах хамгийн гол салбар гэдгийг хэнээр ч хэлүүлэхгүй мэддэг болсон байна. 

Ж.МИНГАЙ – БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ МСҮТ-ИЙН ЗАХИРАЛ – “МСҮТ бол маргаашийн талхандаа хүрэх бодит зам юм”: МБС-ын салбарт эрчимтэй шинэлэл хийгдэж байгаа сүүлийн 3н жилийн хугацаанд орон нутагт МБС-ын сургуулиудад элсэх хүүхдийн тоо өссөөр байна. Эцэг эхчүүд ч гэсэн хүүхдээ их дээд сургуульд сургахаас илүүтэйгээр чанартай бэлтгэдэг, маргаашийн талхандаа бодитой хүрч болох сургууль нь яах аргагүй МСҮТ гэдгийг ухаардаг болсон байна. Аль ч оронд баялагийг бүтээгчид нь МСҮТ-ийн төгсөгчид байдаг гэдгийг  олон нийт ухаардаг болсон нь сүүлийн жилүүдэд мэдрэгдсэн. Нийгэм өнөөөдөр МБС-ыг сайн хүлээн авдаг болсон нь саашаалтай хэрэг шүү. 

ДАРХАН УУЛ АЙМАГ ДАХЬ “ДАРХАН ӨРГӨӨ” ПОЛИТЕХНИКИЙН КОЛЛЕЖИЙН ЗАХИРАЛ Ж.НҮРЗЭД –“Бид дэлхийд үнэлэгдэх мэргэжилтэй ажилтанг бэлтгэж байгаа”: МБС-ын шинэчлэлд хийгдсэн олон сайхан ажлуудын хүрээнд өнөөдөр МСҮТ-үүд дэлхийн стандартад нийцсэн, зөвхөн өндөр хөгжилтэй орнуудын МСҮТ-ийн хүүхдүүд дадлагаждаг  тийм тоног төхөөрөмж, смуляторуудыг ашиглаж байна. Энэ нэг ёсондоо бид өнөөдөр дэлхийн түвшинд хүрэхүйц ажилчдыг бэлтгээд эхэллээ гэсэн үг. Гэтэл үүний нөгөө талд ажил олгогчид ийм чадвартай ажилтанг хүлээн авч ажиллуулах боломж тэр болгон байна уу гэсэн асуулт гарч ирж байгаа нь ажиглагдаж эхэлсэн.  

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ШААМАР СУМЫН МСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Т.БАТБОЛД – “Хот хөдөөгийн сургалтын чанар ямар ч ялгаагүй болсон”: Өнөөдөр МБС-ын шинэчлэлийн үр шимт алимны мод хөдөө суманд хүртэл ургаж байна. Өөрөөр хэлбэл хотын сургуулийн чадамж, хөдөө сумын сургуулийн чадамж хоёр яг адилхан болсон гэдгийг онцлон хэлмээр байна. Тухайлбал манай МСҮТ-д гэхэд Монголын Мянганы сорилтын сангийн дэмжлэгээр Японоос хамгийн сүүлийн үеийн техник сургалтын тоног төхөөрөмж ирж байгаа. Түүнчлэн Оюу Толгойгоос л гэхэд 100 гаруй сая төгрөгний симулятор манай сургуульд өгч байна. Энэ нь МБС-ын шинэчлэл Монгол орон даяар явагдаж байгаагийн илрэл юм. Монголын бүхий л салбаруудын шинэчлэлээс хамгийн богино хугацаанд хамгийн хүртээмжтэйгээр хийгдэж байгаа шинэчлэл яах аргагүй МБС-ын шинэчлэл гэж бардам хэлмээр байна.  


Ажил олгогчид дагаад хөгжих хэрэгтэй
МБС-ын эцсийн үр дүн МСҮТ-ийн төгсөгчид ажлын байртай байж чадаж байна уу, ажлын байранд очсон төгсөгчид ажиллах шаардлагад нийцэж байна уу, ажлаа чадварлаг гүйцэтгэж чадаж байна уу гэдгээр хэмжигддэг. 
Харин өнөөдөр МБС-ын шинэчлэлийн  тус дэмээр МСҮТ-үүд олон улсын стандарт, өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэдэг сургалтын материаллаг бааз дээр тулгуурлан сурцагсадаа бэлтгэж эхлэж байгаа нь сайхан боловч ингэж сурсан төгсөгчид суралцаж дадлагажсан тийм тоног төхөөрөмжөөр ажлаа явуулдаг ажил олгогч дээр тэр бүр очиж чадаж байна уу гэдэг асуулт урган гарч байна гэдгийг МСҮТ-ийн захирлууд хэлж байсан. Өөрөөр хэлбэл өнөөдөр Монголд мэргэжилтэй чадварлаг ажилтан нэхэж байгаа ажил олгогч болгон  Оюу Толгой шиг эсвэл Таван толгой шиг дэвшилтэт тоног төхөөрөмж, ажлын багаж хэрэгсэлтэй байж чадаж байна уу мөн төгсөгчдийг ажлын байрны аюулгүй орчинд ажиллуулж чадаж байна уу гэдэг нь бас л нэг бодох анхааруулгын тэмдэг юм.  
Тэгэхээр сургалтын байгууллагаа шинэчлэж эхлэсэн бол, ажил олгогчдоо ч мөн онцгой анхаарах хэрэгтэй болж байгаа билээ. Нэгэнт амжилттай шинэлэгдэж байгаа МБС-ын төгсөгчдийг ажилтай болгож, тэдний сурсан мэдсэнийг нь бүрэн зориулж ажиллуулаад баялаг бүтээе гэвэл жижиг дунд бизнес эрхлэгчидийг дэмжих мөн жижиг дунд үйлдвэрүүдийг шинэчлэх шаардлага даруй тулгарч байгаа билээ.
Дүгнэн хэлбэл МБС-ын шинэчлэл нь ажил олгогчид болон үйлдвэрлэлийн шинэчлэлийг давхар шаардаж байна.

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ МСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Г.ЭНХБАТ-“Чадварлаг ажилтанг бид түрүүлж бэлтгэж байна”: Зах зээлийнхээ жамаар бүх үйлдвэрлэлийн байгуулагууд өнөөдөр үйл ажиллагаандаа орчин үеийн техник технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх шаардлагатай тулгарч байгаа.  Тэгэхээр техник технологийн шинэчлэл нь цаагуураа тэдгээрийг мэдэж ажиллуулах боловсон хүчинг нэхдэг нь ойлгомжтой. Өнөөдрийн МБС нь тэдгээр техник технологи дээр ажиллах боловсон хүчинг хэдийнээ бэлтгээд эхэллээ. Магадгүй бүр түрүүлж бэлтгээд эхэллээ шүү дээ. Тэгэхээр боловсон хүчнээ бэлтгэх аж ахуйн нэгжүүдийн эрсдэлийг 100 хувь багасгаж байгаа нь МБС-ын шинэчлэл болон ММСС-ын төслийн үр дүн юм.  


Нэхээд байгаа мэргэжилтэй чадварлаг ажилтанг бодитоор үнэлж чадаж байна уу  
Олон жил муугаараа дуудуулсан МБС өнөөдөр чадварлаг мэргэжилтэн бэлтгэн гаргаж эхлээд байгаа боловч зарим нэг талаараа төгсөгчдийг ажлын байранд үнэлэх үнэлэмж дутуу дулимаг хэвээр байна. Хэдийгээр хөдөлмөрийн зах зээл дээр ажлын байр хангалттай байдаг боловч ажил олгогчид мэргэжилтэй чадварлаг ажилтанг үнэлэх үнэлэмжээ төдий хэмжээнд сайн өөрчлөөгүй байгаа гэдэг нь бодит үнэн. Иймд өнөөдөр Монгол хүний үнэлэмжийг өндөрсгөж цалингийн системийг ахин нэг эргэн харах хэрэгтэй болж байгааг дээр дооргүй бодолцох хэрэгтэй байгаа юм. Мэргэжилтэй Монгол ажилтантай яг адилхан ажил хийж байгаа гадны ажилтанг 2 дахин өндөр хөлсөөр ажиллуулдаг нь маш том гажиг үнэлэмж бөгөөд МБС-аар бэлтгэгдэж байгаа чадвартай төгсөгчдийн урмыг нь мохоосон хэрэг болдог..
Сургалтын хөтөлбөр нь шинэчлэгдсэн, дадлагын орчин нь сайжирсан, багш нь чадваржсан МБС-ын шинэчлэл одоо төгсөгчидийнхөө чадварт тохирсон үнэлэмж, өндөр цалинг хөдөлмөрийн зах зээл, ажил олгогчдоос хүсэмжилж байна.  
МБС-ын сургуулиудад бэлтгэсэн мэргэжилтэй чадварлаг ажилтанг өндөрөөр үнэлэх цаг тун ойрхон байна гэдэг сайхан үгээр энэ нийтлэлээ дуусгая.

0 comments:

Post a Comment

Share