Wednesday, August 29, 2012

Багш нараа амжилттай бэлдлээ



                                    
Улаанбаатар хот (www.mca.mn) - Монголын Мянганы сорилтын сангийн (ММСС) Мэргэжлийн боловсрол, сургалтын (МБС) төслийн хүрээнд хэрэгжүүлсэн “Хүнд машин механизмын засварын техникчийн сургагч багш бэлтгэх” дагалдан сургалтын хаалтын арга хэмжээг 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү ажлын хүрээнд Уул, уурхайн жишиг сургууль болох Говьсүмбэр аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн (МСҮТ) зургаан багшийг жил 6 сарын хугацаанд дагалдан сургагчаар 2012 оны 3 дугаар сараас эхлэн хамруулсан болно. Сургалтанд хамрагдсан хүнд машин механизмын чиглэлийн багш нар тус ажлыг гүйцэтгэгч байгууллагаар шалгарсан Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ний хүнд машин механизмын үйлчилгээний техникчийн  олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн сургалтыг өөрийн сургууль дээр заах эрх, ур чадварыг эзэмшиж байгаа юм.


Дагалдан буюу apprenticeship сургалтын хөтөлбөрийг ашиглан хэрэгжүүлсэн энэхүү сургалт нь АНУ-ын Катерпилларын корпорацийн сургалтын институтээр батлагдсан хөтөлбөрийн дагуу явагдсан. Сургалтын хугацаанд нийт 1,700 цагийн 12 төрлийн мэргэшүүлэх хичээл үзсэн ба үүнээс 56% онол, 44% дадлагын хичээл байсан юм. Сургагч багш нар энэхүү сургалтын хөтөлбөрт хамрагдсанаар хүнд механизмын засварын цех болон лабораторит хэрэглэгддэг багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, тэдгээрийн ашиглалтын талаар мэдлэгтэй болсон  ба уул уурхайн болон барилгын хүнд даацын машин тоног төхөөрөмжийн онцлог, хуваарьт үйлчилгээ, засвар, гардаг эвдрэл, гэмтэл, их засварын талаар мөн оношилгооны талаар үндсэн мэдлэг эзэмшихийн зэрэгцээ сургалт явуулах хичээл удирдах арга барилд суралцлаа.

Сургалтын үйл ажиллагааг Монгол улсын хэмжээнд уул уурхайн чиглэлээр олон улсын түвшний сургалтыг амжилттай явуулдаг Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-тай хамтран хэрэгжүүлсэн. Өмнө нь ММСС-гийн МБС-ын төслөөс тус компани болон Катерпиллар Корпорацитай хамтран “Хүнд машин механизмын засвар үйлчилгээний багш бэлтгэх” 3 сарын хугацаатай туршилтын төслийг хэрэгжүүлж байсан нь энэхүү урт хугацааны дагалдан сургалтыг зохион байгуулах амжилттай гараа болж чадсан юм.  

Энэхүү хөтөлбөрт Уул, уурхайн жишиг сургууль болох Говьсүмбэр аймаг дахь МСҮТ-өөс сургалтын менежер Ц.Мөнххуяг, ХММ-ын багш С.Эрдэнэтайван, Г. Бодьсүрэн, Г.Батбилэг, М.Гансэлэм, Т.Эрхэмбаяр нар амжилттай суралцаж сертификатаа хүлээн авлаа. Сургалтанд хамруулахын өмнө гурвалсан гэрээг эдгээр багш нар, ММСС-гийн МБС-ын төсөл болон Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хооронд байгуулсан бөгөөд энэхүү гэрээний нөхцөлийн дагуу тус сургалтын хөтөлбөрийн дараа сургагч багш нар тасралтгүй таван жил сургуульдаа ажиллах юм.    

0 comments:

Post a Comment

Share