Sunday, August 5, 2012

МБС-ЫН ШИНЭЧЛЭЛИЙН ГАЛТ ТЭРЭГ АМЖИЛТТАЙ УРАГШИЛСААР БАЙНА




ММСС-ийн МБС-ын төслийн Өрсөлдөөнт Тэтгэлэгт Хөтөлбөрийн АМЖИЛТААС:
-          Ажил олгогч байгууллагуудаас 363.9 сая төгрөгийн өртөг бүхий 78 төрлийн томоохон хэмжээний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж олгож,
-          Нийт ажил олгогч 46 байгуулагаас 1.2 орчим тэрбум төгрөгийн биет болон биет бус хөрөнгө оруулалт хийж,
-          5 900 гаруй багш сургалтад хамрагдаж мэргэжлээ дээшлүүлэн,
-          36 хөтөлбөр шинээр боловсруулж, 1469 оюутан, насанд хүрэгчид хамрагдаж,
-          Төгсөгчдийн 45% нь ажлын байраар хангагдан,
-          Эхний шатны 16 сургуулийн суралцагчдын тоо өнөөдөр 2010 онтой харьцуулахад 2 дахин нэмэгдсэн байна.

Өөлж муулах биш өөдрөг өнцгөөс харвал сүүлийн жилүүдэд Монгол улсын эдийн засгийн талаар дандаа чихэнд чимэгтэй сайхан мэдээ сонстож, улсын нийслэлУлаанбаатараас эхлэн эх орны өнцөг булан бүрт бүтээн байгуулалт өрнөж хурдацтай хөгжил ханхийж байна.
Олон жил тураалтай байсан эдийн засаг тарга аван өндийж ,зоосны хоёр тал адил салшгүй холбоотой ДНБболон ажлын байрны тоо ч мөн даган нэмэгдэж байна. Өнөө цагт сурсан мэргэжлээ чадамгай эзэмшсэн, тэр тусмаа нэмүү өртөг үйлдвэрлэгч мэргэжил гэгдэх Мэргэжлийн боловсрол сургалтын (МБС) аль нэгэн сургуулийг амжилттай дүүргэж чадсан мэргэжилтэй ажилтан бүрийг алгаа тосон урьж залах ажлын байр үүдээ дэлгээд угтдаг болжээ. Яг бодит байдлыг хэт чамин хэлсэн ч хилсдэхгүйгээр ийм байна үнэндээ.

Цаг үеийн хэрэгцээ шаардлагаар өөрчлөгдөж байгаа МБС-ын ншинэчлэл богино хугацаанд маш үр дүнтэй урагшилсаар байгаа билээ. Энэхүү амжилттай шинэчлэгдэж буй МБС-ын хөгжилд оруулж буй Монголын Мянганы сорилтын сангийн (ММСС) хүчин чармайлт, хөрөнгө мөнгө, цагаа олсон санал санаачлагыг дурьдахгүй байхын аргагүй юм.

ММСС-ийн МБС-ын төсөл нь Монголын МБС-ын бодлого, үйл ажиллагааг өнөө цаг үед нийцүүлэн шинэтгэх, суралцагсдын ур чадварыг практикт тулгуурлан хөгжүүлэх зорилгоор чадамжид суурилсан сургалтын тогтолцоог бий болгох тус сургалтын тогтолцоог сургуулиудад хэрэгжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоог бий болгох, мэргэжлээ яаж сонгох вэ өнөөгийн зах зээлд ямар мэргэжил хэрэгтэй вэ гэдгийг ойлгуулах ач холбогдол бүхий ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг хөгжүүлэх мөн сургалтын материаллаг орчинг сайжруулах зэрэг 5 бүрэлдэхүүн хэсэгт анхаарал тавин ажиллаж байгаа билээ. 

Тус төслийн хүрээнд МСҮТ-ын сургалтын материаллаг орчинг сайжруулахад ММСС-аас  20 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийж байгаа бөгөөд өдгөө тус хөрөнгө оруулалтын үр дүнд МСҮТ-үүд Монголын аль ч их дээд сургуульд байхгүй мультимедиа танхимд багшилах боловсон хүчнээ бэлтгэж, хамгийн сүүлийн үеийн өндөр технологийн тоног төхөөрөмж дээр оюутнуудаа сургах  боломжтой болоод байгаа юм. Мөнхүү Монголын МБС-ын шинэчлэл, хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгаа нэгэн дэд төслийг энд цохон хэлэхгүй байхын аргагүй. Энэ бол ММСС-ийн МБС-ын төслийн хүрээнд 2010 оноос 2 үе шаттайгаар хэрэгжиж байгаа Өрсөлдөөнт Тэтгэлэгт Хөтөлбөр /ӨТХ/ юм. 2 жилийн хугацаанд хэрэгжсэн ӨТХ-ийн эхний шатны үр дүн, ололт амжилтыг хэлэлцэх, танилцуулах үндсэний хэмжээний зөвлөлдөөн энэ оны 5р сард болсон бөгөөд энэхүү зөвлөлдөөнд Улаанбаатар хот болон 14 аймгийн 26 МСҮТ-ийн нийт 28 хөтөлбөрүүдийг танилцуулсан билээ. 

 
МБС-ын сургуулиудын онцлог нь дээд боловсрол олгогч сургалтын байгууллагатай харьцуулахад богино хугацааны сургалтаар улс орны бүтээн байгуулалт хөгжил цэцэглэлтийн үрийг жинхэнэ утгаар нь тарилцах мэргэжлийн чадварлаг боловсон хүчин бэлтгэн гаргах явдал байдаг. Иймд чадварлаг мэргэжилтэй ажилтан бэлтгэн гаргах МБС-ын онцлогтой уялдан сургалтын дадлага ажил гэдэг маш чухал  хөшүүрэг болдог билээ. Өөрөөр хэлбэл мэргэжилтэй ажилтаны ур чадвар нь дадлага ажил, дадлагын байрны материаллаг хангамжтай шууд холбоотой байдаг. Иймд эрхэм зорилгоо ажил олгогч болон сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, ажил олгогчидтой хамтран дадлагын байрыг сайжруулан практик сургалт явуулах боломжоор хангаж чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг хамтран боловсруулах, МБС-ын байгууллагын тэргүүн туршлагыг бусад сургуулиудад дэлгэрүүлэн хөгжүүлэхэд чиглүүлсэн нь ӨТХ-ийн хамгийн зөв шийдэл, хамгийн зөв тулх цэг байсан юм. Тэгээд ч ӨТХ-ийн энэхүү 2 зорилго зөв байсныг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан төсөл хэрэгжүүлсэн 26 сургуулиудын туршлага, ололт амжилтаас бэлхэнээ харагдаж байлаа. 

Экологи ба фермерийн аж ахуй эрхлэлт, зам, барилга, уул уурхай, газрын тосны олборлолтын хөтөлбөр ба сургалт, хөнгөн үйлдвэрлэлийн хөтөлбөр ба сургалт, багшийг чадваржуулж хөгжүүлэх хөтөлбөр, онол дадлагын сургалтын орчинг сайжруулах үйл ажиллагаа,суралцагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа гэх мэт 7 чиглэлээр хэрэгжсэн  ӨТХ-ийн ололт амжилтыг тоочин бичвэл барагдашгүй тул зарим нэгийг онцгойлон дурьдах нь зүйтэй болов уу.

ӨТХ-ийн төсөлд хамрагдсан сургуулиуд төр хувийн хэвшлийн ажил олгогч байгууллагуудтай хамтын ажиллагааны түншлэлийн гэрээ байгуулж хамтран ажиллаж байгаа бөгөөд тэдгээр ажил олгогчдын тусламжтайгаар  онол дадлагын 66 байр байгуулж, ажил олгогч дангаараа 824 сая төгрөгний биет болон биет бус хөрөнгө оруулалтыг МСҮТ-үүдэд оруулаад байна. Тухайлбал, Орхон аймаг дахь МСҮТ-д “Эрдэнэт Хивс” ХХК-иас 60 сая төгрөгийн технологийн тоног төхөөрөмжийг нийлүүлж 2011 онд төгссөн бүх төгсөгчдийг ажлын байраар хангасан, “АПУ” ХК-иас Хүнсний Технологийн Коллежид 34,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар исгэлтийн лаборторийг бүрэн тохижуулсан зэргийг дурьдаж болно. 

Мөн Дорнод Политехник Коллеж “Дорнод Петролиум” төсөл хэрэгжүүлэн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-тай хамтран ажиллах болсоноор багш нараа дадлагын байранд мэргэжил дээшлүүлэх, газрын тос олборлолтын инженерүүдийг сургуульдаа урьж хичээл заалгах боломжтой болсон. Түүнчлэн  газрын тос олборлолтын мэргэжилтэнг Монголдоо анх удаа МБС-ын сургууль бэлтгэж эхлээд байгаа юм. ӨТХ-ийг хэрэгжүүлснээр өнгөрсөн жилийн байдлаар л гэхэд Дорнод Политехник Коллежид бэлтгэгдсэн 108 оюутнаас 106 төгсөгч мэргэжлээрээ өндөр цалинтай ажиллаж байгаа нь бахдууштай мэдээ юм. Энд давхар нэгэн зүйлийг онцгойлон тэмдэглэх нь зүйтэй. ММСС-ийн  МБС-ын төслийн ӨТХ-ийн хүрээнд бэхжсэн сургалтын материаллаг бааз болон ажил олгогчтой тогтоосон хамтын ажиллагааны үр дүнд Дорнод Политехникийн Коллежид Монгол улсын засгийн газраас нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон билээ. Энэ утгаараа ММСС-ийн ӨТХ-ийг үнэхээр цаг үеэ олсон хөрөнгө оруулалт төдийгүй булган сүүлтэй үнэлж баршгүй санаачлага байсан гэдгийг МСҮТ-ийн удирдлага, багш, оюутнууд нэгэн дуугаар сайшааж байгаа юм.

Энэ бол ӨТХ-ийн зөвхөн МБС-ын шинэчлэлд оруулж байгаа хувь нэмэр төдий бус олон мянган залуусын мөрөөдлийг бодитоор биелүүлэх эхлэлд шан хатгаж харийн орны хөрсөнд хөлсөө дуслуулан хөдөлмөрлөх гэсэн  Монгол залуусын үүргэвчтэй аялалд бодитоор цэг тавьж буй хэрэг билээ.
ӨТХ-ийн хүрээнд ажил олгогч болон сургуулиудын хоорондын хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж буйгаас гадна МСҮТ-үүд ажил олгогчидтой хамтран чадамжид суурилсан сургалтын 37 загвар хөтөлбөрийг боловсруулан сургуулиудад хэрэгжүүлж эхлүүлээд байгаа билээ. Тухайлбал, Техник Технологийн Коллежийн “ТТК түншлэл” төсөл, Монгол Солонгосын техникийн коллежийн “Хөнгөн үйлдвэрлэл” төсөл, Архангай аймаг дахь МСҮТ-ийн “Ногоон Төгөл”, Дархан Өргөө сургуулийн “Ажиллах хүч хөгжлийн төв” зэрэг төслүүд чадамжид суурилсан сургалтын шинэ хөтөлбөрүүдийг ажил олгогчдын хамт боловсруулж сургалтын үйл ажиллагаандаа амжилттай туршаад байна. Төслийн үр дүнгийнхээ талаар Архангай аймаг дахь МСҮТ-ийн “Ногоон төгөл” төслийн удирдагч Д.Жаргалсайхан “Ногоон төгөл чадамжид суурилсан сургалт нь цоо шинэ хөтөлбөр юм. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр гарсан хамгийн том амжилт бол 8 компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж боловсон хүчний захиалга аваад байгаа явдал. Мөн суралцагчидаа дадлага хийх бүрэн дүүрэн материаллаг баазыг бүрдүүлж чадсан нь маш том хөрөнгө оруулалт” гэж ярьсан юм.

МБС-анд хамрагдах нь богино хугацаанд мэргэжилтэй болж санхүүгийн эрх чөлөөний цулбуураас атгах гараа болдог. Энэ ч утгаараа нийгмийн хамгийн эмзэг хэсэг болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэргэжилтэй болгоход ӨТХ-ийн бас нэгэн зорилго чиглэсэн. ӨТХ-ийн хүрээнд Сэргээн засалтын үндсэний төв дээр сонсголын бэрхшээлтэй иргэдийг мэргэжлийн сургалтанд хамруулахад сургалтын явцад гардаг хүндрэлийг бага болов ч арилгах үүднээс МСҮТ-ийн багш нарыг дохионы хэлэнд сургасан юм. Ингэснээр сонсголын бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн сургалтанд хамрагдах хүндрэлүүд эхнээсээ шийдэгдэх боломжтой болсон. Одоогоор мэргэжлийн сургалтанд хамрагдсан сонсголын бэрхшээлтэй иргэд мэргэжлийн боловсрол эзэмшин эхнээсээ ажлын байртой болж орлогын эх үүсвэрээ өөрсдийн гараар бүтээж байна. 

Энэ мэтээр Монголын Мянганы сорилтын сангийн МБС-ын төсөл болон төслийн хүрээнд хэрэгжсэн ӨТХ-ийн ололт амжилтыг дурьдаад баршгүй юм. Ямартай ч өнгө төрхөө 360 хэм өөрчлөж байгаа МБС-ын сургуулиуд өнөөдөр хэний ч өмнө нүүр улайхааргүй болж дадлагын танхимууд нь сүүлийн үеийн тоног төхөөрөмж хэрэгсэлээр тоноглогдон, ядуу ардын хүүхэд сурдаг бус учраа мэдэж алсаа тунгаадаг залуусын  сонголт болон хөгжиж байна.

Жилээс жил ирэх тусам МБС-ын сургуулиудын элсэлтийн тоо геометр прогрессоор өсөн нэмэгдэж, ажил олгогчид ч мөн МСҮТ төгсөж байгаа оюутан залуусыг дуртайяа хүлээн авч ажиллуулах болсон нь энэ салбарын амжилттай өөрчлөлт, шинэ өнгө төрхийг хүлээн зөвшөөрөн нааштай үнэлгээ өгч байгаа хэрэг болов уу. 

0 comments:

Post a Comment

Share