2012 оны Усан Луу жилтэй ахиж дэвжсэн олон амжилт бүтээлээр золгосон мэргэжил боловсрол сургалтын салбар энэ оны 2 дугаар сарын 7-нд бас нэгэн түүхэн гэж хэлж болох үйл явдлын гэрч болсон юм. Энэ өдөр АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн санхүүжилтээр Монголын Мянганы сорилтын сангийн (ММСС) Мэргэжлийн боловсрол, сургалтын (МБС) төслөөс 920 мянган ам.долларын өртөг бүхий халаалт хөргөлт, цахилгаан электроник, хүнд машин механизмын операторын дадлагын тоног төхөөрөмж, засварын ажлыг Налайхын мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд хүлээлгэн өгсөн юм. Тоног төхөөрөмж гардуулах нээлтийн үеэр Налайхын мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал Н.Барамсай “Энэ бол манай сургуулийн бүхэл бүтэн нэг жилийн төсөвтэй тэнцэхүйц асар том хөрөнгө оруулалт” хэмээн цохон тэмдэглэж байлаа. ММСС-ийн МБС-ын төслийн хүрээнд хамгийн сүүлийн үеийн сургалтын тоног төхөөрөмжөөр тоноглосон эдгээр гурван анги танхим нь зөвхөн нэг дүүргийн нэг сургуульд оруулж буй хөрөнгө оруулалт мэт боловч уг хөрөнгө оруулалтаар дамжуулан Монголын боловсролын нэгэн салбарыг дэмжсэн мөн өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц чадварлаг ажилтанг тохилог, орчин үеийн анги танхимд бэлтгэхэд хувь нэмэр оруулахаас гадна ядуурал, ажилгүйдлыг бууруулахад бодит хандив болсон нийгэм эдийн засгийн далайцтай хөрөнгө оруулалт юм.
Налайхын мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд хийсэн 1 тэрбум 200 мянга гаруй төгрөгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг зөвхөн эхлэл гэдгийг хэлэх хэрэгтэй. Учир нь Монголын мянганы сорилтын сангийн МБС-ын төслийн хүрээнд хот болон хөдөөгийн /15 аймаг/ мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн 23 сургуульд тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг энэ онд хийх төлөвлөгөөтэй байгаа юм.
Нийгмийн баялаг бүтээгчдийг төрүүлдэг гэгдэх мэргэжлийн боловсрол сургалт нь сургалтын онцлогоосоо хамааран чанартай чадварлаг ажилтан бэлтгэн гаргахад багагүй хөрөнгө, тоног төхөөрөмж сургалтын багаж хэрэгсэл шаарддаг боловсролын нэгэн өвөрмөгц нэгж юм. Ажлын байрандаа гологдохгүй, ур чадвартай мэргэжлийн боловсрол сургалтын төгсөгчийг бэлтгэхийн тулд орчин үеийн тоног төхөөрөмжөөр зэвсэглэсэн анги танхим ихээхэн чухал үүрэг гүйцэтгэнэ.
Иймээс сүүлийн 2 жилийн хугацаанд мэргэжлийн боловсрол сургалтын салбарт чадамжид суурилсан сургалт гэсэн шинэ нэр томьёо хүчтэй орж ирээд байгаа. Энэ бол хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн ур чадвартай Монгол ажилтанг бэлтгэх зорилго бүхий сургалтын хөтөлбөр бөгөөд тус салбарт хийгдэж байгаа нэгэн томоохон шинэчлэл юм. Мэргэжлийн боловсрол сургалтын салбарт чадамжид суурилсан сургалтын шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлж буйтай холбоотой багшилах боловсон хүчинг шинээр сургаж бэлтгэх, мэргэжлийн боловсрол сургалтын суралцагсдыг ажил олгогч эзэд болон зах зээлийн “хүсэлтийг” хангасан чадварлаг ажилтан болгон бэлтгэхэд сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий дадлагын анги танхимыг засаж тохижуулах зайлшгүй шаардлага байгаа юм.
Өөрөөр хэлбэл өнөө үед ажлын байрны бодит орчинг бүрдүүлсэн дадлагын анги танхимгүй мэргэжлийн боловсрол сургалт нь “шалдан” боловсролтой адил гэж хэлэхэд хилсдэхгүй болоод байна. Иймд шинээр “имижлэх” шаардлагатай байгаа тус салбарыг иж бүрнээр “хувцаслах” зорилгын дор Монголын мянганы сорилтын сан мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглоход 20 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөөд байгаа юм. Эхний ээлжинд хөдөлмөрийн зах зээлийн судалгааг түшиглэн нэн тэргүүний ажлын байрнаас хүнд машин механизмын оператор, барилга, уул уурхай, гагнуур, токарь, сантехник, цахилгаан, халаалт, хөргөлтийн мэргэжлээр болон техникч гэх мэт тэргүүлэх чиглэлийн мэргэжлүүдийг сонгон тэдгээр мэргэжлүүдээр мэргэжилтэн бэлтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмж бүхий анги танхимыг засаж тохижуулах юм.
Хот хөдөөгийн 23 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суурилуулах тоног төхөөрөмж, симуляторууд нь ажлын бодит багаж хэрэгсэл, машин механизмтай тун адилхан бөгөөд түүн дээр дадлага хийж буй оюутанд ажлын байран дээр бодитоор ажиллаж байгаа мэт мэдрэмжийг өгч чадахуйц гэдгээрээ онцлогтой. Жишээлэхэд Катерпилларийн сургалтын Скрепер симуляторыг сургалтанд ашигласнаар оюутанд дадлагын хамгийн сүүлийн үеийн орчинг бүрдүүлэхийн зэрэгцээ зардлын хувьд ч багагүй хэмнэлт хийх боломжтой. Өөрөөр хэлбэл энэ төхөөрөмжийг сургалтанд 7 хоногт 40 цагаар ашиглахад скрепер машиныг дадлагад ашигласнаас 1 820-2 040 литр түлш буюу 3,276.000-3,672.000 төгрөгийн хэмнэлт гардаг байна. Тэгэхээр олон саяын өртөгтэй орчин үеийн сургалтын тоног төхөөрөмж бүхий анги танхим хүлээн авах хот хөдөөгийн 23 мэргэжлийн боловсрол сургалтын сургуулиуд нь яах аргагүй ховорхон тохиох азын сугалааны эзэд юм. Харин азын сугалааны эздийг сонгон суралцах босгыг давсан МБС-ын суралцагсад нь хөлс хөдөлмөрөө ажлын байрны гараанаасаа эхлээд л сая саяар үнэлүүлэн ажиллах боломж бүхий азтангууд байх нь дамжиггүй.
21-р зууныг цахилгаанжсан, компьютержсэн, машинжсан эрин үе гэдэг. Гар хурууны ганцхан дохилтоор ханын чийдэн анивчиж, телевиз асаж, цахилгаан тогоо залгагдаж хоол хийнэ гэсэн холын мөрөөдлийг дэргэд авчирсан эрин зуунд бид амьдарч байгаа. Ахуйн хэрэглээнд энгийнээр хэрэглэгдэх болсон энэ техник технологийн дэвшилийг хамгийн ихээр мэдэрч байгаа салбаруудын нэг бол яах аргагүй мэргэжлийн боловсрол сургалт болон МБС-ын ажлын байр юм. Мэргэжлийн боловсрол сургалтыг тоног төхөөрөмж, машин механизмгүйгээр төсөөлөхийн аргагүй. Эдгээр мэргэжлийн багаж төхөөрөмж, хэрэгсэл нь техник технологийн хувьсал, үсрэнгүй хөгжилтэй зэрэгцэн өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа учраас МБС-ыг суралцан төгсөгчид ажлын багаж төхөөрөмжөө мэдэрч, мэдэхгүй төгсөх нь тэднийг хөдөлмөрийн зах зээл дээр гараад үнэгүйдэх, гологдох томоохон шалтгааныг нэг болж байгаа юм. Нэг үгээр олон сайхан амтат хоолны жорыг маань мэгзэм мэт цээжилсэн ч, хутга эргүүлж хайруулын тавга наадуулж сураагүй тогоочийг өнөөдрийн зах зээл хүлээж авахгүй “тургихад” бэлэн байна гэсэн үг юм. Энэ утгаараа Мэргэжил боловсрол сургалтын онцлог яах аргагүй дадлагын 70, онолын 30 (70%/30%) хувь гэсэн алтан тэнхлэг дээр тогтдог.
Ажлын байрны бодит орчинтой тун ойртож очих сургалтын анги танхимд сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр дадлагажин суралцан гэдэг нь мэргэжлийн боловсрол сургалтын салбарт маш чухал ололт бөгөөд үүнийг бий болгоход дээр дурьдсанчилан дор хаяхад нэг сургуулийн бүхэл бүтэн нэг жилийн төсөвтэй тэнцэхүйц хөрөнгө оруулалт хэрэгтэй болж байгаа юм.
Товчлуур дарахын төдийд дэлхийн нэг өнцгөөс нөгөө өнцөг руу мэдээлэл дамжиж буй энэ зуунд хурд болон хөрвөх чадвар хамгаас чухал. Тиймд боловсролын салбарт бойжин гарах хүн бүрээс хурд мөн хөрвөх чадварыг зайлшгүй нэхэж байгаа. Энэ ч утгаараа чадамжид суурилсан сургалт нь өнөөгийн хөдөлмөрийн зах зээлийн захиалгаар мэргэжлийн боловсролын салбарт хийгдэж буй томоохон алхам юм гэдгийг ахин хэлье.
Өндөр хөгжилтэй орнуудын мэргэжлийн боловсрол сургалтын суралцагсад хэрэглэдэг орчин үеийн тоног төхөөрөмжинд дадлагажиж суралцсан манай төгсөгсөгчид зөвхөн монголын төдийгүй дэлхийн хөдөлмөрийн зах зээлийн шаардлагыг хангахуйц ур чадвартай болж төгсөх боломжтой болж байгаа гэдгийг сонсох нь улам таатай байх бизээ. Монгол ажилчид ур чадваргүй, ажлын байрны шаардлагыг хангахгүй байна гэсэн нэрийдлээр гадны орнуудаас мэргэжилтэй ажилтанг өндөр зардлаар урьж ажиллуулж байгаа. Ур чадвараараа гологдсон монгол ажилчид ажлын байргүй, амьжиргаагаа залгуулах цалингүй үлдэнэ гэдэг нь нэг айлын төдийгүй нийгмийн маань том асуудал гэдэг нь нууц биш. Тиймээс мэргэжилтэй хэрнээ ажилгүйчүүдын эгнээнд “жийгдсэн” монгол ажилчидыг ур чадваржуулан хэнд ч гологдохгүй мэргэжилтэн болгох, түүгээр дамжуулан ажилгүйдэл ядуурлыг бууруулж нийгмийн хүндхэн асуудлыг шийдэн, Азийн нэгэн хүчирхэг гүрэнг өндийн босгоход оруулж буй хувь нэмрийг дурьдахгүй орхигдуулж болохгүй юм. Учир нь сүүлийн үед амтай болгон шагших болсон Оюу толгой, Таван толгойгоор дамжин сэхэх учиртай гэх эдийн засгийн багана болж байгаа хоёр Толгойг гардан бүтээгчид нь яах аргагүй МБС-ын чадварлаг төгсөгчид. Харин хоёр толгой бол МБС-ын чадварлаг ажилтанг угтан авах учиртай хөгжлийн зүтгүүрийн нэгээхэн хэсэг нь. Үүнтэй зэрэгцэн барилгачин, тогооч, цахилгаанчин, токарчин гэх мэт олон олон ажлын байр эзнээ хүлээж байгаа.
Иймийн учир энэ бол зөвхөн боловсролын нэг салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалт төдийхнөөр ойлговол тун өрөөсгөл болох нь ойлгогдож байна. МБС-ын сургуулиудыг шинээр тоног төхөөрөмж, орчин үеийн симулятороор хангаж байгаа нь Монгол улсын нийгэм, эдийн засгийн хүндхэн асуудлыг шийдэж буй үнэ бүхий хөрөнгө оруулалт билээ. Иймээс бид хөгжлийг жолоодоход олон талаараа бэлэн болоод байна гээд хэлчихэд хилсдэхгүй болов уу.
Нийтлэлийн төгсгөлд саяхны нэг баримтыг дурьдая. Өнөөдөр мэргэжлийн боловсрол сургалтанд хамрагдахаар бүртгүүлж байгаа 3 хүн тутмын нэг нь дээд мэргэжилтэй, насанд хүрсэн хүмүүс байна гэдгийг онцгойлон дурьдах нь зүйтэй. Тэдний сонголтондоо гаргасан энэ шийдвэр нь яалт ч үгүй хөдөлмөрийн зах зээлийг бодит амьдрал дээр мэдэрсэн, мэргэжлийн боловсрол сургалтын төгсөгчдийг үнэлж байгаа өнөөгийн нийгмийн үнэ цэнийг гэрчилж буй томоохон жишээ гэж хэлж болох юм.
Тэгэхээр хөдөлмөрийн зах зээл МБС-ын чадварлаг төгсөгчдийг илүүтэй хүсэн хүлээж байгаа энэ үед суралцан төгсөгч бүрийг ур дүйтэй, хурдтай, хөрвөх чадвар өндөртэй ажилтан болгон бэлтгэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтын томоохон ажил энэ оны босгон дээр эхэллээ.
0 comments:
Post a Comment