Олон улсын хандлагаар мэргэжлийн боловсрол, сургалтын салбар чадамжид суурилсан сургалтад шилжсэн
Мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг сургуулиудад чадамжид суурилсан сургалтын хэлбэрийг шинээр нэвтрүүлэх ажил өрнөж эхлээд байна . Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн боловсрол, сургалтын газрын мэргэжилтэн Р.Эрдэнэтуяатай ярилцлаа.
-Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр гэж юу болох талаар танилцуулна уу?
-Олон улсын хандлагаар техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбар чадамжид суурилсан сургалтад хэдийнэ шилжсэн. Мэдлэг, чадвар, хандлага буюу хувь хүний төлөвшил, гурвын цогцыг чадамж гэж ойлгож болно.
Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн, төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан, нийгмийн түншүүдтэй хамтран ажиллаж хөгжих эрх зүйн орчныг 2009 онд шинэчлэн найруулж гаргасан Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль бидэнд олгож байгаа юм. Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн загварыг Сингапур улсын Темасек сан, Сингапур Политехниктэй хамтран Мэргэжлийн боловсрол, сургалтын газраас боловсруулж баталсан. Уг хамтарсан төслийн хүрээнд Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулагч 54 мастер багшийг бэлтгэж эхлээд байна.
Чадамжид суурилсан сургалтын тогтолцоонд шилжүүлэх бодлогын зорилго нь сургалтын хөтөлбөрийг суралцагчид сонирхол, хэрэгцээндээ нийцүүлэн чөлөөтэй сонгох боломжтой техник, технологийн хөгжил, ажил олгогчдын шаардлагаар шинэчлэн сайжруулж болохуйц уян хатан мэргэжилтэй ажилчид мэргэшлийн түвшингээ дээшлүүлэх боломжийг хангасан байдлаар шинэчилж, шинэчилсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай сургалтын орчинг бүрдүүлэх, сургах, суралцах арга зүйг хөгжүүлэх, сургалтын чанарын баталгааг хангахад оршино. Уг сургалтын арга зүй нь нээлттэй, суралцагч бие даан суралцах бололцоог олгосон, мэргэшлийн өндөр ур чадвартай багшаар удирдуулах, ажил хөдөлмөр эрхлэх мэргэжлийн дадал, арга барилыг эзэмшүүлэхдээ багш, суралцагч хамтран ажилласнаар зорилгоо хангах нийтлэг шаардлагуудад нийцсэн байдаг. Нийт сургалтын агуулгын 80%-ийг суралцагч практик үйл ажиллагаа гүйцэтгэн өөртөө мэдлэг бүтээж, чадвар, дадал, хөдөлмөрт хандах хандлагыг олж авах замаар суралцана.
-Одоогийн байдлаар чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэх ажил ямар явцтай байгаа вэ?
Мэргэжилтэй ажилтан бэлтгэж байгаа нийт 60 гаруй мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад 3-5 жилийн хугацаанд чадамжид суурилсан сургалтыг нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Одоогийн байдлаар Монголын Мянганы сорилтын сангийн төслийн хүрээнд 28 мэргэжлээр чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулж байгаа. Эхний ээлжинд боловсруулж дуусаад байгаа хөтөлбөрүүдээ сургуулиудад турших ажлыг энэ оны есдүгээр сараас эхлүүлэхээр ажиллаж байна. Мөн "Оюу толгой" компанийн хөрөнгө оруулалтаар 2010-2011 оны хичээлийн жилд хөдөлмөрийн зах зээлд нэн эрэлттэй байгаа 18 мэргэжлээр гурван мянга гаруй ажилгүй иргэдэд мэргэжил эзэмшүүлэхээр 42 сургууль дээр насанд хүрэгчдийн сургалт явагдаж байна.
-Чадварлаг, хариуцлагатай ажилтан бэлтгэх нь энэхүү шинэ тогтолцооны гол зорилго гэж ойлгож болох уу. Энэхүү сургалтын арга барилыг нэвтрүүлэх явцад бэрхшээлтэй тал юу гарч ирж байна?
-Чадамжид суурилсан сургалт зохион байгуулах үед багшийн мэргэжлийн ур чадвар өндөр байхыг шаарддаг. Түүнчлэн, багш онол, дадлагын сургалтыг хослуулан удирдах чадвартай байх ёстой. Онол, дадлагын хичээлийг өөр өөр багш удирдан явуулж байгаа одоогийн байдлыг өөрчлөх, багшийг давтан сургах, шинээр бэлтгэх шаардлага зүй ёсоор гарч байгаа юм. Бас нэг чухал зүйл нь сургалтын хэрэглэгдэхүүн болох сурах бичиг юм. Яагаад гэхээр сурах бичиг нь суралцагчдын боловсролын түвшин, суурь мэдлэгээс үл хамааран тэдэнд ур чадвар эзэмших үйл ажиллагааг чиглүүлэх, туслалцаа үзүүлэх агуулга, зорилготой байдгаараа онцлогтой. Ном сурах бичгээс гадна сургалтын орчин нь дадлага хийх боломжийг бүрдүүлсэн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангагдсан байх шаардлагатай. Агентлагийн зүгээс салбарын яамд, Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөл, мэргэжлийн холбоодоор дамжуулж ажил олгогч нартай холбогдож байна. Урьд өмнө нь ажил олгогч аж ахуйн нэгжүүд мэргэжлийн ур чадвар муутай ажилтан бэлтгэж байна гэж гомдолдог байсан бол одоо тэд сургалтын хөтөлбөр боловсруулахад гар бие оролцож, сүүлийн үеийн ямар техник, технологи нэвтэрч байгааг сургалтын хөтөлбөрт тусгаж байна. Мөн сургалтын орчныг бүрдүүлэх, шинэчлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, зөвлөх боломжтой болсон.
-Манайд мэргэжилтэй ажилтан дутагдалтай гэх мэдээлэл байдаг. Тэгсэн хэрнээ нөгөө талаас ажилгүйчүүд олон байдаг?
-Уул уурхай, барилга, хөдөө аж ахуй хөгжихийн хэрээр мэргэжилтэй ажилтны эрэлт хэрэгцээ ихэсч байна. Ажлаа сайн гүйцэтгэдэг мэргэшлийн өндөр ур чадвар, мэдлэгтэй ажилтан авахаас гадна төлөвшсөн зөв хандлагатай ажилтан сонгоход анхаарлаа хандуулдаг цаг үе ирсэн. Тиймээс мэдлэг, чадвараас гадна хандлага чухалд тооцогдож байна. Хандлага гэдэгт тухайн ажилчин хүн ажил мэргэжилдээ сэтгэлээсээ хандах хандлага, аливаад хариуцлагатай байх, хөдөлмөрийн сахилга бат зэрэг орно.
-Мэргэжил эзэмшие гэсэн элсэгчдэд ямар шаардлага тавих вэ?
-2010 оноос өмнө мэргэжлийн сургуулиудад суурь эсвэл бүрэн дунд боловсрол эзэмшсэн төгсөгчдийг ерөнхий боловсролын сургуулиудаас шууд элсүүлдэг байсан. Одоо бол насанд хүрэгчдийг сургаж мэргэжил эзэмшүүлж эхлээд байна. Чадамжинд суурилсан сургалтын бас нэг давуу тал бол элсэн суралцах, төгсөх хугацаа уян хатан байдаг. Түүнчлэн сургалтын арга зүй нь нээлттэй, суралцагч бие даан суралцах бололцоог хангадаг. Хэдий хугацаагаар суралцах нь тухайн хүний өөрийн хичээл зүтгэлээс хамаарна.
Ц.БОЛОРЦЭЦЭГ
Монголын Мянганы сорилтын сангаас 28 мэргэжлээр чадамжинд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулаад байна
Монголын Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн "Чадамжид суурилсан сургалт" дэд төслийн багийн ахлагч Айке Дозетэй ярилцлаа.
-Чадамжинд суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрхэн мэргэжлийн сургуулиудад хэрэгжүүлж хэвшүүлэх вэ?
-Монголын Мянганы сорилтын сангийн "Чадамжид суурилсан сургалт" дэд төсөл нь 2010 оны гуравдугаар сараас үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн 28 мэргэжлээр чадамжид суурилсан сургалтын загвар хөтөлбөр боловсруулах зорилготой ажиллаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд эдгээр 28-аас барилгын цахилгаанчин, дэд станцын үйлчилгээний монтёр, автын мехатроник, хүнсний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн техникч, вэб дизайнер, компьютерийн үйлчилгээний ажилтан, сүлжээний ажилтан, уул уурхайн нөхөн сэргээлтийн ажилтан, эрчимжсэн мал аж ахуйн фермер, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн техникч, ногоочин-цэцэрлэгжүүлэгч зэрэг нийт 17 мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг бэлэн болгоод байна. 2011 оны есдүгээр сараас Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд боловсруулсан сургалтын хөтөлбөрүүдээ туршиж эхлэх юм. Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө сонгогдсон сургуулиудаар очиж танилцан зохих үнэлгээг өгч, тухайн сургуулиуд дээр сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулна.
-Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлснээр давуу талууд юу байна. Уламжлалт сургалтын хөтөлбөрөөс ямар ялгаатай вэ?
-Мэргэжлийн уламжлалт сургалтад сургалтын хөтөлбөр нь боловсролын орц талдаа: хичээлийн нарийвчилсан сэдэв, тухайн сэдэвт ноогдох цаг зэрэгт илүү анхаардаг бол чадамжид суурилсан сургалт нь гарц талдаа: сургалтын эцэст суралцагч юуг хийж сурсан байх вэ гэдэгт голлон анхаардаг. Чадамжид суурилсан сургалт нь шавь төвтэй, биеэ даасан байхад уламжлалт сургалт нь багш төвтэй, лекц жишээ үзүүлэнгүүд байх жишээний. Сургалтын хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа гэхэд л чадамжинд суурилсан сургалт нь хэрэгцээнээс хамаарсан уян хатан байхад уламжлалт сургалтын арга барилаар бол яг тогтоосон хугацаанд хичээллэдэг. Онолд тулгуурласан мэдлэг, гүйцэтгэлд тулгуурласан мэдлэг, идэвхгүй суралцах, онол практикаар хавсарсан суралцахуй зэрэг харьцуулалт хийвэл ялгаатай тал олон бий.
-Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр хэрхэн боловсруулдаг талаар аль нэг мэргэжил дээр жишээ болгож тайлбарлавал?
-Тус дэд төслийн хүрээнд сургалтын хөтөлбөр боловсруулахад гадны олон орны мэргэжилтнүүд ирж зөвлөгөө өгч, хамтран боловсруулж байна. Тухайлбал: Итали, Канад, Франц, Герман, Автралиас мэргэжилтнүүд ирж 1-3 сараар ажиллаж байна. Бид нэг жилийн буюу 1500-1800 цагийн сургалтын хөтөлбөр боловсруулж байна. Гадны мэргэжилтнүүдийг ингэж оролцуулж байгаа нь хөтөлбөрүүдээ олон улсын стандартад нийцүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.
Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулахад ажлын байрны дүн шинжилгээний бүдүүвч зураг (Дакум судалгааны хүснэгт) гаргадаг. Бид энэ бүдүүвч зургийг мэргэжлийн ажилчдын оролцоотой гаргаж байна. Тухайлбал, агааржуулалт, агаар сэлгэлтийн хийц угсралт мэргэжлийн DACUM (ажил мэргэжлийн дүн шинжилгээний зураглал) судалгааны хүснэгтээс харахад энэ ажлыг хийхэд:
Ур чадвар: Багаар ажиллах, сэтгэн бодох, ажил зохион байгуулах чадвартай байх
Мэдлэг: Сантехникийн ерөнхий мэдлэг, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, хууль эрх зүй, материал судлал, тоног төхөөрөмжийн бүтэц ажиллах зарчим, гоо зүй, шугам зургийн мэдлэгтэй байх
Төлөвшил: Мэргэжилдээ сонирхолтой байх, үнэнч шударга, хүлээц тэвчээртэй байх, хөдөлмөрийн хүмүүжил, харилцааны соёлтой байх
Мөн энэ мэргэжлийг эзэмшихэд сургалтад ямар ямар багаж, тоног төхөөрөмж, сургалтын материал хэрэглэхийг заасан байдаг.
Ажил мэргэжлийн дүн шинжилгээний үндсэн дээр сургалтын хөтөлбөр боловсруулдаг. Жишээ нь, Агааржуулах системийн угсрагч, засварчин мэргэжлийн ажилтан байхад өглөө ажилдаа ирээд:
1. Ажлын байрны зааварчилгаа авах
2. Тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ажилд бэлтгэх
3. Ажлын зургаас түүвэр гаргах
4. Салхивчийн хоолой холбох хэрэгслийг бэлтгэх
5. Салхивчийн хоолой холбох хэрэгслийг угсрах
6. Агааржуулалт хөргөлтийн тоног төхөөрөмжийг угсрах
7. Системд туршилт тохиргоо хийх
8. Салхивчийн хуучин системийг буулгах
9. Мэргэжил боловсролоо дээшлүүлэх гэх мэт хийх үе шатлал бүрийг тодорхой тусгаж өгдөг. Ажил мэргэжлийн дүн шинжилгээний дагуу чадамжийг тодорхойлдог. Чадамжийн дагуу үзэх хичээлийн төлөвлөгөөг гаргана.
-ММСС-гийн МБС-ын төслийн хүрээнд боловсруулж буй эдгээр загвар хөтөлбөрүүдийг эхний ээлжинд хичнээн сургууль дээр туршиж, нэвтрүүлэх вэ?
-Сургалтын хөтөлбөр болон багш нарыг бэлтгэх зэрэг олон ажлыг эхлэн явуулж байна. 2011 оны есдүгээр сараас эхлэн Дундговь, Орхон, Дархан-Уул, Дорнод, Завхан аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, Улаанбаатар хотын Үйлдвэрлэл урлалын сургууль, Хүнсний технологийн коллеж, Техник технологийн коллеж зэрэг сургуульд засал чимэглэл, гагнуур, сантехник, хүнд машин механизмын оператор, эксковатор, лифт болон урсдаг шатны угсралт, засвар үйлчилгээ зэрэг мэргэжлээр боловсруулсан чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлуудыг хийж байна.
С.ӨНӨРЖАРГАЛ
0 comments:
Post a Comment