Шинэчлэлийн замд хожуу хөл тавьсан ч оройхон гараад ширүүхэн дайрч байгаа салбар бол яахын аргагүй мэргэжлийн боловсрол, сургалт юм. 2002 оноос хойш харьяалах хуультай, хаяглах агентлагтай болсон мэргэжлийн боловсрол, сургалтын (МБС) салбарт сүүлийн жилүүдэд гадны хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрүүд хэрэгжих болсноор улам бүр хурдацтай хөгжиж мөн шинэчлэгдэж байна.
Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг шинэчлэх, чадавхижуулахад чиглэсэн 47.6 сая ам долларын санхүүжилттэй хамгийн том төсөл, дэд төслүүдийг 2008 оноос хойш Монголын Мянганы Сорилын Сан (ММСС) амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Монголын Мянганы Сорилтын Сангийн мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн дэд төслүүдийн нэг болох Өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөрийг 2010 оноос эхлэн 2 үе шаттайгаар хот хөдөөгөөс сонгон шалгаруулсан 26 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон сургуулиудад хэрэгжүүлж байгаа бөгөөд тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан сургуулиудад гарсан үр дүн болон ололт амжилтуудыг нэгтгэн тайлагнах, алдаа оноо ололт амжилтаа хуваалцаж, санал бодол туршлагаа солилцон, харилцан суралцах үндэсний хэмжээний зөвлөгөөнийг 5-сарын 4-нд Улаанбаатар хотноо зохион байгуулсан юм.
Эдийн засгийн дэд бүтцийг бүтээн босгодог боловсролын дэд салбар болох мэргэжлийн боловсролын сургалтын шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэхэд ажил олгогчдын оролцоо чухалд тооцогдоно. Төр хувийн хэвшлийн оролцоог дэмжих, хамтын ажиллагааг хөгжүүлэх, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын хэрэгжүүлсэн тэргүүн туршлагыг дэмжиж түгээн дэлгэрүүлэх зорилгын дор хэрэгжсэн өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөрийн эхний үр дүн “Онц Сайн” үнэлгээ авахуйц гарсан гэж дүгнэхэд болно.
Учир нь төслөөр авсан мөнгөө жинхэнэ утгаар нь зарцуулж сургуулиа өөд татах, шинэ сайхан байр сургалтын танхимуудыг тохижуулж, чанартай сургалтаар чадварлаг төгсөгч мэргэжилтэн бэлтгэн гаргахын төлөө зүтгэсэн сайн “төлчин” сургуулиудын төлөөллүүд хэрэгжүүлсэн төслийнхөө ололт амжилт, үр дүнгээ нүүр бардам тайлагнаж танилцуулж байсан юм. Манайхан гадны хөрөнгөөр төсөл хэрэгжүүлж байгаа хэн нэгнийг төслөөр баяжигч гэж харддаг. Харин авсан арав таван төгрөгөө алдахгүй зарцуулж амжилтанд хүрэх гэсэн чин сэтгэлтэй 26 сургуулиудын хамт олноос энэ хардалт холуур тойрно. Тэгээд ч Америкийн ард түмний татвараар санхүүждэг төсөл хөтөлбөрүүдийн зарцуулалтыг Монголын Мянганы Сорилтын Сангийхан хэн нэгэн сургуулийн захирлын зантгар унаа, хувааж идэх бялуу, хумсалж гулгуулах хөрөнгө болгохгүй байх тал дээр дээд зэргийн хариуцлагатай хандаж, нэхэл сайтай хяналтаар баталгаажуулж чаддаг байгууллага.
“Сургуульдаа хийж хэрэгжүүлчихмээр олон санаанууд байдаг. Хичнээн санаачлага гаргаад санхүүжилт байхгүй бол цаасан дээр үлдэхээс цаашгүй. Хиймээр хэрэгжүүлмээр санаачлагыг дэмжиж санхүүжилт өгч ийм богино хугацаанд бодитой үр дүнг гаргаж чадна гэдэг их том амжилт. Тэр дундаа цагаа олсон хөрөнгө оруулалтыг хийсэн ММСС-гийн МБС-ын төслийн хамт олонд маш их баярлаж байна” хэмээн ӨТХ-өөр санхүүжсэн 26 сургуулийн төлөөлөл хэлж байлаа.
Тэдний амжилт, үр дүнг тоон үзүүлэлтээр багцалвал: 350 орчим багш, удирдах ажилтан, инженер техникийн ажилтнууд төслийн нэгж дээр ажиллан гар бие оролцож, 5900 гаруй багш сургалтанд хамрагдаж, 168 сурах бичиг гарын авлага хэвлүүлэн, 66 онол дадлагын танхимыг тохижуулан, 369,9 сая төгрөгний өртөг бүхий 78 ширхэг дадлагын тоног төхөөрөмжтэй болж хамгийн гол нь мэргэжлийн боловсрол сургалтын шинэчлэлийн амин чухал тулгуур болоод байгаа чадамжид суурилсан сургалтын 37 сургалтын хөтөлбөрийг экологи сургалт, хөдөө аж ахуй, зам барилга, уул уурхай, газрын тосны олборлолт болон хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр боловсруулан гаргасан байна.
Эдгээр сургуулиуд чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн нь маш том ололт бөгөөд тэдний амжилттай туршлага, ололтыг бусад сургуулиуд болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд түгээн дэлгэрүүлэх явдал нь энэхүү хөтөлбөрийн цаашдын зорилго юм.
Чадамжид суурилсан сургалтыг амжилттай хэрэгжүүлэх нэг гол хөшүүрэг бол яахын аргагүй ажил олгогчид, төр болон төрийн бус байгууллагуудын оролцоо тэр дундаа ажил олгогчдын оролцоог онцгойлон үзэх нь зүйтэй. Учир нь чадамжид суурилсан сургалт нь өнөө үед үйлдвэрлэлийн болон нэмүү өртөг үйлдвэрлэгч салбаруудад нэвтрээд байгаа өндөр хүчин чадалтай, орчин үеийн багаж тоног төхөөрөмж технологи дээр ажиллах чадварлаг мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд чиглэгдэж байгаа. Иймээс сургуулиудын дадлагын байрыг орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглохоос гадна ажил олгогчдын ажлын байран дээр дадлага хийлгэх байдлаар суралцагсдыг чадваржуулж болох талтай. Харин энэ өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөрийн үр дүнд ажил олгогч нартай тэтгэлэгт хамрагдсан сургуулиуд хэлхээ холбоо тогтоож хамтын тогтвортой ажиллагаа үүсгэж чадсан төдийгүй хамтран ажиллаж байгаа 46 ажил олгогчдоос 1181.7 сая төгрөгийн биет болон биет бус хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
Ажил олгогчидтой бодит харилцаа холбоо тогтоож амжилтанд хүрсэн сургуулиуд байгаа бөгөөд тэдгээрээс Дорнод Политехникийн Коллеж болон Хөвсгөл аймаг дахь МСҮТ-ийг дурьдахад таатай байна.
Газрын тос нь манай улсад шинэ тутам хөгжиж байгаа салбар учир хүний нөөц, багшлах боловсон хүчин болон ажилтан бэлтгэх дадлага туршлага гээд бүх зүйл шинэ. Түүнчлэн энэ салбар нь техник технологийн дэмжлэгтэйгээр ажлаа явуулдаг тул шинэ техник технологийг Монголд нутагшуулах, тэдгээр шинэ техник хэрэгсэлийг таньж мэдсэн мэргэжилтэй ажилтанг богино хугацаанд маневартай бэлтгэх шаардлагатай байгаа билээ. Иймд энэ төсөл жинхэнэ утгаараа цагаа олж хэрэгжиж, нүдээ олсон хөрөнгө оруулалтыг газрын тос олборлолтын Дорнод Политехник Коллежийн “Дорнод Петролиум” төсөлд өгсөн юм. Төслийн үр дүнд газрын тосны сургалтын хөтөлбөрийг цоо шинээр боловсруулан, бүх хөтөлбөрийг электрон хэлбэрт шилжүүлж, гарын авлага ном бэлтгэн хэвлэж, багш нараа электрон сургалтанд бэлтгэж эхэлсэн байна. Мөн тус сургууль БНХАУ-ын Дачин хотын газрын тосны сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар газрын тосны олборлолтоор олон улсад үнэлэгдэж чадах мэргэжилтэй ажилтан Монголдоо бэлтгэх бүрэн боломжтой байна. Түүнчлэн ажил олгогч болон сургууль хоорондын хамтын ажил бодит үр дүнгээ өгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Петро Чайна Дачин Тамсаг ХХК-тай хамтран ажиллах болсноор тус компанид Дорнод Политехник Коллежийн суралцагсад үйлдвэрлэлийн дадлага хийх бүрэн боломжтой болсон нь маш том алхам юм.
2011 онд тус сургуулийг газрын тос олборлолтын чиглэлээр суралцаж төгссөн 26 төгсөгчдийн 24 нь ажлын байраар хангагдаж, бүс нутгийн бодлого хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд үндэслэн түншлэгч байгуулагуудын санхүүжилтээр нийт 1,4 тэрбум төгрөгний дэвшилтэт технологи бүхий дадлагын газар байгуулан орон нутгийн томоохон аж ахуйн нэгжүүдийн захиалгат сургалтаар 294 ажиллах хүчин бэлтгэсэн байна. Эцэст нь үндэсний зөвлөгөөнд ирж төслийнхөө ололт амжилтыг танилцуулсан Дорнод Политехникийн Коллежийн захирал Д.Энхжаргал “Бид Монголын газрын тос олборлох, боловсруулах салбарт мэргэжилтэй чадварлаг ажилтан бэлтгэхэд бэлэн гэдгээ нүүр бардам хэлж байна” гэсэн нь энэ төслийн амжилтыг цөөн үгээр товч тодорхой дүгнэсэн хэрэг болсон юм.
Мөн түүнчлэн Өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан Хөвсгөл аймаг дахь МСҮТ-ийн хэрэгжүүлсэн “Экологи- Сургалт” төслийн туршлага, амжилт үр дүнг тус аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын Газрын дарга Ч.Уртнасан танилцуулсан нь онцлог явдал байсан юм. Учир нь Хөвсгөл аймгийн МСҮТ-ийн хэрэгжүүлсэн төсөл нь ганцхан сургуулийн багш суралцагсад нарт үр дүнгээ өгсөн хэрэг төдий биш нутгийн ард иргэд болон нөхөрлөлүүдийн үйл ажиллгааг нэгтгэж, холбоо байгуулан, сургалтууд зохион байгуулснаар үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсныг аймгийн салбар хариуцсан даргын өөрийн биеэр үнэлэн сайшааж танилцуулж байгаагаас бэлхнээ ойлгож болохоор байлаа.
“Экологи-Сургалт” төслийн үр шимээр байгаль орчинг хамгаалах нь зөвхөн ойн ажилтан, тус чиглэлээр суралцдаг оюутнуудад хамаатай асуудал биш хамгийн гол нь ард иргэдийн оролцоотойгоор хэрэгжиж байж үр дүнгээ өгдөг гэдгийг бодит ажлаар баталсан төсөл болсон байв. Өмнө нь бут сөөг мод тарих асуудал зөвхөн тус сургуулийн оюутнуудын дунд хийгддэг ажил байсан бол төслийн явцад сум бүрт байгуулагдсан эко бүлгүүдийн үр шимээр ард иргэд маш идэвхитэйгээр дур сонирхолтойгоор татагдан ажиллах болсон байна. Энэ ажлын үр дүнд байгаль эхийн хүй тасрахгүй урт удаан амьдрах амин булаг болсон ногоон ургамлын үрийг газар хөрсөнд төдийгүй ард иргэдийн ой ухаанд бат бэх суулгасан явдал юм. Нэгэн цагт тариад орхисон модыг эко бүлгүүдийн гишүүд жилийн дөрвөн улирал тойрон арчилан тордох сэтгэлтэй байгаль эхийн хүйн холбоот үрс болсон гэдэгт эргэлзэхгүй байна.
Энэхүү Монголын Мянганы Сорилтын Сангийн төсөл, дэд төслүүдийн санхүүжилт, дэмжлэг туслалцаа бодитой үр дүнгээ өгч, Монголын мэргэжлийн боловсрол сургалтын салбар цагийн өнгийг даган чанарт нийцсэн чадварлаг төгсөгч бэлтгэх шинэчлэлийнхээ замыг амжилттай туулсаар байна.
0 comments:
Post a Comment