Монголын Mянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол сургалтын төслийн хүрээнд Өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн, цаашдын зорилтыг хэлэлцэх Үндэсний хэмжээний зөвлөгөөн Улаанбаатар хотын Чингис Хаан зочид буудлын хурлын танхимд 2012 оны 5 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулагдлаа.
Уг зөвлөгөөн дээр төсөл хэрэгжүүлэгч 26 мэргэжлийн сургалтын байгууллагуудаас төслийнхөө үр дүн, ололт амжилт болон цаашид тогтвортой үйл ажиллагааг хангах талаар илтгэл тавьж оролцсноос гадна МБСТөслийн ӨТХ-ийн хэрэгжилтийг харуулсан видео эвлүүлэг, төслүүдийн үр дүнг сурталчилсан үзэсгэлэнг зөвлөгөөнд оролцогчдод үзүүлж, танилцууллаа.
Мянганы Сорилтын Корпорацийн санхүүжилтээр Мэргэжлийн боловсрол сургалтын төслийн хүрээнд 2 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт бүхий Өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2010 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Тус тэтгэлэгт хөтөлбөрийн гол зорилго нь сургалт болон ажил олгогч байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын тэргүүн туршлагыг дэмжин хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэхэд оршино. Тус хөтөлбөрт Улаанбаатар хот, 14 аймгийн 26 сургууль хамрагдаж нийт 28 төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
Тус өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд гарсан маш чухал ололт амжилт бол МБС-ын салбарт өнөөдөр нэн үгүйлэгдэж байгаа Ажил олгогч ба сургалтын байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцаа холбоонд тэмдэглэхүүц ахиц, дэвшил гарсан явдал юм. Үүний нэг тод жишээ бол тэтгэлэгт төсөл хэрэгжүүлж буй сургуулиудтай нийт 46 ажил олгогч байгуулага хамтран ажиллаж, 1181.7 сая төгрөгийн биет болон биет бус хөрөнгө оруулалт хийгджээ.
Ингэхдээ ажил олгогч болон сургалтын байгууллагууд нь экологи сургалт, хөдөө аж ахуй, зам, барилга, уул уурхай, газрын тосны олборлолт, хөнгөн үйлдвэрлэл зэрэг чиглэлээр багшийн ур чадварыг дээшлүүлэх, багшийг хөгжүүлэх, сургалтын орчин, чанарыг сайжруулахад үр өгөөжтэй хамтран ажилласан байна. Тэтгэлэгт төслүүдийг хэрэгжүүлэхэд давхардсан тоогоор нийт 350 орчим багш, ажилтнууд ажиллаж улмаар төслийн үр дүнд 5900 гаруй багш сургалтад хамрагдаж, мэргэжлээ дээшлүүлсэн байна. Мөн нийт 13 төсөл чадамжид суурилсан сургалтын 35 хөтөлбөр шинээр боловсруулж, 169 сурах бичиг, гарын авлага хэвлүүлж, 66 онол, дадлагын анги танхим тохижуулан байгуулж, 363.9 сая төгрөгийн өртөг бүхий 78 ширхэг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж суурилуулсан юм байна. Нийт 28 төслөөс 16 төслийн үйл ажиллагаа энэ оны 3 дугаар сарын 31-нд дууссан бөгөөд үлдсэн 12 төсөл нь 7 дугаар сард болон 2013 оны 3 дугаар сард тус тус хэрэгжиж дуусах юм.
Өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан төслүүдийн ололт амжилт, төслийн хэрэгжилтийн үр дүнг тайлагнах, цаашдын зорилтыг хэлэлцэхэд чиглэгдсэн энэхүү үндэсний зөвлөгөөнд Мэргэжлийн боловсрол сургалтын Үндэсний зөвлөл, Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Мэргэжлийн боловсрол, сургалтын газар зэрэг төрийн байгууллага, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо болон хувийн хэвшлийн төлөөлөл, төсөл хэрэгжүүлэгч мэргэжлийн сургуулийн удирдлага, хэрэгжүүлэгч багуудын төлөөлөл болон Мянганы Сорилтын Корпораци, Монголын Мянганы сорилтын сан, Мэргэжлийн боловсрол сургалтын төсөл зэрэг байгууллагуудаас нийт 180 орчим хүн оролцлоо.
Үндэсний зөвлөгөөний үр дүнд оролцогч талууд Өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн тухай нэгдсэн мэдээлэлтэй болж, төслүүдийн шилдэг туршлагуудаас харилцан хуваалцаж, цаашдын тогтвортой үйл ажиллагаа, зорилтыг тодорхойлох талаар хэлэлцэж санал зөвлөмж гаргалаа.
0 comments:
Post a Comment