Энэ үг мэргэжлийн боловсрол сургалтынханд хамаатай. Ялангуяа мэргэжлийн боловсрол сургалтын төгсөгчидөд бүүр ч хамаатай. Мэргэжлийн боловсрол сургалтыг төгсөж чадвал, чадварлаг мэргэжилтэн болж чадвал, хүлээгдэж буй ажлын байрнаас сонголтоо хийж хүссэн цалингаа ав гэсэн үг тэдэнд л хамаатай юм.
Хэлж буй үгийг минь баталсан албаны судалгаа ч бий. 2011 оны 10-р сард Хөдөлмөрийн Төв Биржээс гаргасан хөдөлмөрийн зах зээлийн статистик судалгаанаас харахад барилга, хөнгөн үйлдвэрлэл, худалдаа, уул уурхай болон үйлчилгээний салбарт хамгийн их ажлын байр эздээ хүлээсээр байна. Ойрын жилүүдэд ч мөн энэ салбаруудад ажлын байр тогтмол нэмэгдсээр байх юм. Хүлээгдэж байгаа эдгээр ажлын байрны жинхэнэ эзэд бол хуучнаар техникум, одоогоор мэргэжлийн боловсрол сургалтын /МБС/ төгсөгчид.
90 оноос хойш дээд боловсролыг онцгойлон шүтэж шуурсан өөрчлөлт шинэчлэлтийн тойргийн гадна МБС-ын салбар нам гүмхэн, даруухан үлдсэн. Толгойг нь мэдүүлээд биеийг нь даалгаад орхичихсон “айлын шоовдор хүүхдийг” цаг үеийн өөрчлөлт, зах зээлийн хөгжил дэвшил яалт ч үгүй моодонд оруулж, хөдөлмөрийн зах зээлийн гол дүрд тохоож байна. Үүний үр дүнд 2002 онд МБС-ын тухай бие даасан хуулийг батлан салбарын шинэчлэлийн хөрсийг бэлдэж, 2009 онд Монголын Мянганы Сорилтын Сангийн /ММСС/зөвлөгөө дэмжлэгтэйгээр уг хуулийг шинэчлэн найруулсан нь суулгасан хөрсийг улам бэхжүүлж, усалж тордсон явдал болсон юм.
Энэхүү хуулийн үр дүнд дэлхийн олон улсуудад хэдийн хэрэгжээд үр дүнгээ өгсөн Чадамжид суурилсан сургалтын /ЧСС/ шинэ хөтөлбөрийг Монголд нэвтрүүлэх боломжтой болсон бөгөөд энэхүү сургалтыг хэрэгжүүлэх гараа ч амжилттай эхлээд байгаа билээ.
Чадамжид суурилсан сургалт “МБС-ын чадварлаг багш нар чадвартай ажилтанг бэлтгэнэ” гэсэн ганцхан өгүүлбэрээр бэлхнээ тодорхойлогдоно. Угаасаа ч өнөөгийн эдийн засгийн үсрэнгүй хөгжил, техник технологийн санаанд оромгүй ололт амжилтууд барилга, хүнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт технологийн үсрэлтийг авчирч, харьцангуй соёлжиж “нүд нээсэн” хэрэглэгчид үйлчилгээний салбаруудаас шинэ өнгө төрх уур амьсгалыг эрэлхийлэхийн хирээр мэргэжилтэй, өндөр чадвартай ажилтанг МБС бэлтгэх шаардлагатай болж байгаа юм.
Өндөр хөгжилтэй орнуудад сүндэрлэж байдаг шилэн барилгууд нийслэл хотод шил шилээ даран босож, хоол ходоод дүүргэх бус нүд тархи хоёрыг зэрэг баясгадаг болохыг баталсан өрнө дорнын үзэмжит сайхан хоолууд таваг чимэж, гайхамшигт цэцэрлэгчийн гарын ураар зүлэг мод галбир орон нүд хужирладаг болохыг Монголдоо бид харах боломжтой болжээ. Харин энэ бүгд МБС-ыг төгссөн мэргэжилтэй чадварлаг ажилтангуудын гараар бүтдэг.Эдгээрийгхийж бүтээдэг чадварлаг мэргэжилтэнгөнөөдөр ямарч “цагаан захтанаас” дутахааргүйгээр үнэлж цалинжуулдаг болсон цаг үед бид амьдарч байна.
Ажил олгогчид мөн үүнийг нотолж байгаа юм. “Бидэнд мэргэжилдээ чадвартай, мөн ёс зүйтэй ажилтан ус агаар мэт хэрэгтэй байна. Өнөөдөр тийм ажилтанд сая төгрөгийн цалин өгөхөд энүүхэнд болсон шүү дээ” гэж тэд ярьж байна.
Эдийн засгийн хамгийн эрчимтэй хөгжиж байгаа, хөдөлмөрийн зах зээлээс хамгийн их ажилтан нэхдэг голлох 5 салбарын нийт 500 гаруй ажил олгогчдыг оролцуулсан “Мэргэжлийн боловсрол, сургалтад ажил олгогчийн оролцоо” цуврал семинарыг энэ сарын 18-наас 5-р сарын 12-ныг хүртэл Монголын Мянганы Сорилтын сангийн мэргэжлийн боловсрол сургалтын төслийн “Мэргэжил дээшлүүлэх сургалт” дэд төслөөс удирдан зохион байгуулж байна.
Барилга, зам тээвэр, уул уурхай, эрчим хүч, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн гэсэн 5 салбарын ажил олгогчдын төлөөллүүдийг урьж оролцуулсан уг семинарын үеэр ажил олгогчид боловсон хүчний хангамж, боловсон хүчний бодлогод тулгарч байгаа саад бэрхшээл, ажилчдын ур чадварын асуудал гэх мэт олон зүйлсийг хөндөн ярилцаж байсан. Тус салбаруудад нэвтрээд байгаа орчин үеийн дэвшилтэт техник технологи, багаж тоног төхөөрөмж дээр ажиллах ур чадвартай мэргэжилтэй ажилтанг үнэлэх үнэлэмж сайжирсан тухай ярьж байсан нь сонсоход таатай сайхан мэдээ байлаа.
Нөгөө талаар ажил олгогчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн, хөрвөх чадвартай, шинээр нэвтэрч буй техник тоног төхөөрөмжинд хурдан зохицож ажиллах мэргэжилтэй ажилтанг бэлтгэн гаргах зорилго бүхий чадамжид суурилсан сургалт гэх шинэ сургалтын стандарт хэрэгжиж эхлээд байгааг тэд ч мөн дуу алдан хүлээн авч байсан юм. Харилцан бие биедээ сайхан мэдээ сонсгон чуулсан семинарын гол зорилго нь ажил олгогчийн оролцоотойгоор чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрт ажил олгогчид хэрхэн яаж оролцох вэ, цаашид ЧСС-ыг зах зээл, ажлын байрны шаардлагад нийцсэн ажилтан бэлтгэх чансаатай хөтөлбөр болгоход ажил олгогчдын оролцоо ямар байж болох вэ гэдэг дээр санал солилцож үр дүнд хүрэх явдал юм.
Семинарын үеэр ажил олгогчид “МБС-ыг төгсөгчид чадварлаг байхаас гадна ажилдаа чин үнэнч ханддаг ёс суртахуунтай баймаар байна. Манай залуучууд нэг ажлын байрнаас нөгөө ажлын байр руу сольж шилжиж байдаг нүүдлийн шувууд шиг болчихсон... Тэдэнд ямар ч хөдөлмөрийн хүний зан байдаггүй” гэх мэт санал гомдолыг түлхүү хэлж байлаа. МБС-ын одоогийн шинэ стандарт болох 70 хувь нь дадлага, 30 хувь нь онолоос бүрдэх чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийгзагвар болгон 28 мэргэжлээр боловсруулсан бөгөөд хөдөлмөрийн хүний зан чанарын тухай ойлголт өгөх, суулгах төлөвшүүлэхэд багагүй цаг гарган тэдгээр хөтөлбөрүүдэд тусгаад байгаа юм. Учир нь ажлын байрандаа үнэнч хандана гэдэг амжилтанд хүрч мөрөөдлөө биелүүлэх хамгийн дөт бөгөөд найдвартай зам болохыг ойлгуулах нь сургалтын шинэ хөтөлбөрийн бас нэгэн чухал зорилт билээ.
Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг цаашид төгөлдөржүүлж, амжилттай хэрэгжүүлэхэд ажил олгогчдын төлөөлөл мэргэжлийн боловсрол сургалтын хөтөлбөрийг боловсруулахад саналаа өгч хамтарч баталгаажуулж байх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг хамтарч судлах, мэргэжилтэй ажилтан бэлтгүүлэхэд тодорхой захиалга өгөх, элсэлт, сургалт, төгсөлт бүхий л шатанд хамтарч ажиллах, түүнчлэн өөрсдийн үйлдвэрлэлд хэрэглэгдэхгүй болсон техник, тоног төхөөрөмжийг дадлагын сургалтанд хэрэглүүлэхээр өгч дэмжих, тухайн салбартаа ажиллаж байгаа өндөр мэргэжилтэй ажилтан, инженер техникчээр дадлагын сургалтыг удирдуулахад хамтран ажиллах боломжтой юм.
Энэ бүхний үр дүнд бид өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд үгүйлэгдэж байгаа мэргэжилтэй чадварлаг боловсон хүчний хоосон орон зайг ойрын хугацаанд нөхөх хэрэгтэй юм. Алийн болгон байхгүй байхгүй гэсэн нэр барьж бадар барьсан гуйлагчин шиг гаднаас ажилчин царайчлан ажиллуулж, өөрсдийн байгаа хэдээ чадваргүй мэргэжилгүй нэрээр гоочилон түлхэх ёстой гэж.
Нэгэн сонин баримт дурьдахад Хөдөлмөрийн Төв биржид ажил хайж байгаа 10 мянган ажилгүйчүүд бүртгэлтэй байхад нөгөө талд нь 10 мянган ажлын байр эздээ хүлээж байна гэх мэдээллийг өгч байсан. Энэхүү мэдээллийг2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх Хөдөлмөрийн төв бирж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харъяа Мэргэжлийн боловсрол, сургалтын газар болон Монголын Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслүүд хамтран зохион байгуулсан “Хаврын хөдөлмөрин яармаг”-ийн үеэр хэлж байсан юм.
Гэтэл тоо тэнцэхүйц харагдах ажилгүйчүүдээр ажлын байрыг “нөхүүлж” болох авч харамсалтай нь тэд мэргэжилгүй, чадваргүй гэх үндсэн шалтгаанаар гологдож байна. “Хаврын хөдөлмөрийн яармаг”-ийн үеэр хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд хамгийн их хэрэгцээтэйбайгаа ажил үйлчилгээг санал асуулгаар тодруулахад санал асуулганд оролцсон иргэдийн 64.1 хувь нь ажил, мэргэжилгүй иргэдийг чадавхижуулах сургалтанд хамруулж ажлын байранд зуучилах гэж хариулсан байна.
Иймд сар бүрийн 21 мянгаар өдөр өнгөрөөсөн хөдөлмөрийн насны ажилгүй залуусаа даруйхан сургаж ажлын байранд зуучилах нь хамгийн оновчтой шийдэл бөгөөд үүний тулд МБС-ын салбарыг дорвитойхон дэмжиж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг чадавхижуулж, ажил олгогчдын захиалгаар мэргэжилтэй ажилтанг цаг алдахгүй бэлтгэх шаардлага байна.
Зам Тээвэр Хот Байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ “Өнөөдөр 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжиж байгаа түүнчлэн дэд бүтцийн маш олон бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаатай холбогдуулан барилгын салбарт л гэхэд 200 гаруй мянган ажлын байранд ажилтан шаардлагатай байна. Гэтэл одоогоор хөдөлмөрийн төв биржид 41 мянган барилгын ажилтан бүртгэлтэй байдаг. Тэгэхээр бид үлдсэн барилгын мэргэжилтэй ажилтанг ойрын хугацаанд бэлтгэхээс өөр аргагүй. Гэхдээ энэ бол ганцхан салбарт хэрэгцээтэй байгаа ажлын байрны тоо. Өөр бусад салбаруудад ч мянга мянган ажлын байр хүлээгдэж байна. Хамгийн гол нь зах зээлийн шаардлагаар ажилчдыг чадавхижуулах явдал маш чухал юм” гэдгийг хэлж байсан.
Тэгэхээр Монголд ажлын байр хангалттай байна харин ажил хийх “хөдөлмөрийн хүн” л үгүйлэгдэж байна гэж дүгнэж болохоор. Иймд сая гаруй төгрөгний цалин авахын төлөө гэр бүлээсээ хол хүний нутагт ажиллах биш мэргэжилтэй болгоё, чадвартай бэлтгэе гэж зорьж байгаа МБС-ын төвүүдэд суралцаж сая сая төгрөгний цалингаар даллан дуудсан эзэнгүй ажлын байрны жинхэнэ эзэд болцгооё гэж залууст уриалмаар байна.
0 comments:
Post a Comment